Зарим сумдад архи согтууруулах ундаа борлуулсан тохиолдол гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-19 22:14:03
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Цагдаагийн бие бүрэлдэхүүн сонгуулийн өдөр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тодруулбал сонгуулийн 98 санал авах байран дээр нийт 105 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бол нэмэгдэл нөөцийн бэлэн байдлын бүрэлдэхүүнд 60 цагдаагийн алба хаагч ажиллаж байна.

Сонгуулийн өдөр архи согтууруулах ундаа худалдан борлуулах хориотой байдаг. Тэгвэл Төв аймгийн Борнуур суманд согтууруулах ундаа борлуулсан тохиолдол гарсан байна. Тухайн хэргийг одоогийн байдлаар баримтжуулан шалгаж байгаа аж. Мөн одоогоор архи согтууруулах ундаа хэрэглээд саатуулагдсан хүн байхгүй байгаа гэж Төв аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга дэд хурандаа Ц.Лхагвасүрэн хэллээ.

Төв аймгийн Засаг дарга 2016 оны 10 сарын 19-20 өдрүүдэд албан байгууллага аж ахуй нэгж архи согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулахгүй байх захирамж гаргасан байна. Тиймээс архи согтууруулах ундаа худалдаалж байгаа иргэд, аж ахуй нэгжүүд захирамжийн шаардлагыг биелүүлэн анхаарч ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Дашрамд дурьдахад, энэ удаагийн сонгуультай холбоотой нэр дэвшигч, нам эвслүүдээс гурван дуудлага орж ирснийг шалгаж шийдвэрлэсэн байна. Тухайн дуудлагууд нь батлагдаагүй учир цааш шалгах шаардлагагүй гэж үзжээ. Өнгөрсөн сонгуулиар нэр дэвшигч нам эвслүүдийн талаарх дуудлага мэдээлэл их байсан бол энэ сонгуулиар харьцангүй тайван байна гэж албаны хүмүүс онцоллоо.

Төв аймаг Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ