ЗАВХАН: Зудын эрсдэлийн нэг шалтгаан нь үлийн цагаан оготно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-04 15:53:19

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймаг энэ жил улсын төсвийн 47.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 7 сумын бэлчээрийн талбайд мэрэгч хортонтой тэмцэх ажлыг хийжээ.


Манай улсын 17 аймгийн 40 сая га бэлчээрт үлийн цагаан оготно тархжээ.

Энэ нь нийт бэлчээрийн 35 хувийг эзэлж байгаа юм. Эрдэмтдийн судалгаагаар үлийн цагаан оготнын тархалт цаашид нэмэгдэж, уулархаг нутаг руу тэлэх хандлагатай байна.


Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Завханы Алдархаан, Тэлмэн, Нөмрөг, Сантмаргаз, Тэс, Баянтэс, Их-Уул сумын нийт 26250 га бэлчээрийн талбайд мэрэгч хортонтой тэмцэх ажлыг хийжээ.   


Устгалын ажлыг малчид иргэдтэй хамтран утах, ус цутгах, хавх тавих, шувуу болон амьтанд суух газар бэлтгэж өгөх зэрэг олон аргаар хийсэн байна. Ер нь бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготныг хавар гөлчгийлж эхлэхээс нь өмнө тэмцэх нь хамгийн үр дүнтэй юм.


Өвөлжилт, хаваржилт хүндрэх нэг шалтгаан бол үлийн цагаан оготно ихэссэн явдал юм. Бэлчээр  өвсгүй болсноор үлийн цагаан оготноос хамааралтай зудын эрсдэл 50-60 хувийг эзэлж байна.


Нэг үлийн цагаан оготно зуны гурван сарын туршид 100 гаруй болж маш хурдан үрждэг амьтан тул устгалын ажлыг үр дүнтэй хийх шаардлагатай байдаг. Тиймээс жил бүрийн хавар бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийн тархалт, хөнөөлийг тодотгох судалгаа хийж байна. Судалгааны дүнд ямар сумын нутагт үлийн цагаан оготнын тархалт хэр зэрэг байгааг мэдэж, устгалын ажлыг үр дүнтэй зохион байгуулах нь чухал гэж Завхан аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ