Нэгдүгээр ангийн сурагчдын 60 хувь нь эрт илрүүлэгт хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-04 13:51:34

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Амьдралын орчин, агаарын бохирдол, хоол хүнс зэрэг олон төрлийн шалтгаанаас улбаалж бага насны хүүхдийн дундах өвчлөл нэмэгдэж буй.


Тиймээс Эрүүл мэндийн яамнаас сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгохоор ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг өнгөрсөн аравдугаар сард эхлүүлсэн. Эхний ээлжинд нийслэлийн сурагчдыг хамруулж буй уг үзлэг өнөөдрийн байдлаар 60 хувьтай явна.


Шүдний үзлэгт 19933 сурагч хамрагдсанаас 78.5 хувь нь ямар нэг хэмжээгээр өвчлөлттэй гарчээ. Тодруулбал, эдгээр хүүхдийн 15644 нь шүд цоорсон, 4083 нь шүдний гажигтай хэмээн оношлогджээ. Өөрөөр хэлбэл, дийлэнх хүүхэд шүдээ бүрэн угааж чаддаггүй, энэ төрлийн дадал хэвшил суугаагүй нь өвчлөлийн гол шалтгаан болж байгааг эмч нар тодотголоо.


Тэгвэл нүдний үзлэгт орсон 13882 хүүхдийн 2125 нь холын хараа, 949 нь ойрын харааны өөрчлөлттэй байна. Мөн 1292 хүүхдийн стерео хараа нь тэнцээгүй аж. Тиймээс 2897 хүүхдийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатайг тогтоожээ.



Холбоотой мэдээ