ЗАВХАН: Голуудын мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул зорчихгүй байхыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024
оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Голуудын мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-35 см нимгэн байна.
Хангай нурууны арын Идэр гол 15-35 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бөгөөд мөсөн зах өтгөн зайр гүйх үзэгдэл давамгайлан ажиглагдаж байна. Мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-30 см нимгэн байна.
Хангай нурууны
өврийн Богд, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, зэрэг голуудын мөсний зузаан
өмнөх арав хоногоос 5-50 см нэмэгдэж, 10-60 см зузаан мөстэй. Ус судлалын Чигэстэй-Улиастай,
Тээл-Дөрвөлжин, Завхан-Тайшир харуул орчимд мөсөн зах, дунд зэргийн зайр гүйх
үзэгдэл давамгайлан ажиглагдсан байна.
12-р сарын 3-ний өдрийн байдлаар ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч мөсний зузаан өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5-35 см бага.
Голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна.
Тиймээс цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх. Аж ахуйн нэгж, байгууллагууд мөсний баяр зохион байгуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Завхан аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас зөвлөж байна.