Жилд 15-40 га бэлчээрийн хөрс зөөгдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-12-05 14:26:23

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дэлхийн хөрсний өдөр өнөөдөр тохиож байна.


Жил бүрийн 12 дугаар сарын 5-нд тохиодог Дэлхийн хөрсний өдрийг НҮБ-аас энэ жил “Хөрсөө хайрлан хамгаалья, хэмжье, хяная, мониторинг хийж удирдья” уриан дор тэмдэглэж байна. Хөрсний талаарх мэдээлэл үнэн зөв байж, тэр хэмжээгээр хөрсөө хайрлан хамгаалах зөв шийдвэр гарна гэдгийг судлаач, мэргэжилтнүүд хэлж байна.



Манай орны хувьд хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хөрсний тогтвортой менежментийг хэрэгжүүлэх нь чухал байгааг өнөөдөр МУИС-д болсон “Монгол орны хөрс судлал” эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцлээ. Тодруулбал энд,

  • хөрсний бохирдлыг оновчтой аргаар тогтмол хэмжин хянах,
  • хөрсөө хамгаалж доройтсон болон элэгдэж буй хөрсөө нөхөн сэргээх,
  • цөлжилт, хөрсний нүүдэл, газрын доройтлыг бодитоор үнэлж судлах зэрэг орж байна.


ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн хөрс судлаач Н.Ганзориг, манай улсад жилд дунджаар 15-40 тонн буюу төдий хэмжээний га газар бүхий бэлчээрийн хөрс зөөгдөж буйг хэлж байлаа.

Хөрс нь бүх зүйлийн үндэс учир хөрстэй холбоотойгоор Монгол орны цэвдгийн талбайн хэмжээ сүүлийн 80 жилд 40 орчим хувиар багасчээ. Биологийн олон янз байдлыг хамгаалахад цэвдгийн талбайн хэмжээг багасгаж бууруулахгүй байхад анхаарахыг судлаачид хэлж байна. Тодруулбал, өндөр уулын бүсийн экосистемийн тэнвцэрт байдлыг хамгаалахад анхаарах шаардлагатай байгааг судлаач, мэргэжилтнүүд хэлж байна.




МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Газар зүйн тэнхимийн дэд профессор, доктор Б.Нямдаваа, Монгол Улс газар нутгийн хэмжээгээр 18 дугаарт ордог. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаатай холбоотой газрын доройтол, цөлжилтөд хүчтэй өртөж байгааг дурдаад, нийслэл Улаанбаатар хот, уул уурхай, газар тариалангийн бүс нутгийн орчимд хөрсний бохирдлоос үүдэх эрүүл мэндийн эрсдэл нэмэгдэж байгаа нь судалгаагаар гарсныг танилцуулсан юм.




Монгол Улс эмзэг эко системтэй тул төлөв байдал хурдан өөрчлөгдөж, уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байна.

Нэмж мэдээлэхэд Монгол Улс хөрс хамгаалахад дорвитой алхам хийхээ олон улсын өмнө илэрхийлж, үүрэг амлалт хүлээгээд байна. Тухайлбал, энд НҮБ-ын Ган, цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнуудын болон ялангуяа Африкийн цөлжилттэй тэмцэх суурь конвенцид нэгдээд буйг дурдаж болно. 



Холбоотой мэдээ