Сайн дурынхан 5.6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нийгмийн үйлчилгээг үзүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 12 сарын 5-ны өдрийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөөх олон улсын сайн дурынхны өдөр буюу Олон улсын сайн дурын ажилтны өдөр (IVD) хэмээн дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг.
Анх 1985 онд НҮБ-ын
Ерөнхий Ассамблейн шийдвэрээр олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж ирсэн
түүхтэй. Энэ өдрийг тохиолдуулан Монголын үндэсний сайн дурынхан “People Power”
уриан дор үндэсний чуулганаа өнөөдөр хийж байна.
Чуулганд төрийн болон ТББ, манай улсад үйл ажиллагаа явуулж буй “Дэлхийн зөн”, Улаан загалмай нийгэмлэг зэрэг гадаад, дотоодын байгууллагын төлөөлөл 500 гаруй сайн дурынхан оролцож байна. Оролцогч зарим төлөөлөгчийн үгийг хүргэе. Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Н.Эрдэнэцэцэг:
-Чуулганд бид байгууллагаараа хүрэлцэн ирж оролцож байна. Бид өөрсдийн боломжоо ашиглаж иргэд, олон нийтэд нөлөөллийн, сайн дурын ажлыг манлайлж нэлээн олон ажлыг санаачилж байгаа. Тухайлбал дээрэлхэлт, амиа хорлолт зэрэг найман төрөл агуулгын хүрээнд тоо, статистик мэдээ, этюд, гэрэл, хөгжим хосолсон ‘Хөшгөө нээ’ жүжигчилсэн сургалт, мюзиклийг Монголд анх удаа хийлээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн сайн дурын идэвхтэн, багийн
ахлагч П.Оюун, сайн дурын ажлыг 20 гаруй жил хийж байна. Энэ бол
бахархууштай сайхан ажил. Шан харамж, цалин байхгүй ч төр, олон нийтэд нэмэлт
хүч болж байгаагаараа бахархдаг. 20 гаруй жил ажилласныг минь үнэлж МУЗН,
Сонгинохайрхан дүүргийн дунд шатны хорооноос төрийн дээд шагнал Хөдөлмөрийн
гавьяаны улаан тугийн одонгоор шагнасанд үнэхээр их баяртай байна гэв.
Төлөөлөгчид үйл
ажиллагааны хөгжил, хамтын түншлэлийг хөгжүүлэх боломж, тогтвортой хөгжилтэй
уялдуулан олон талт, үр нөлөө бүхий төсөл хөтөлбөрийн хамтын
ажиллагааг шийдвэр гаргагч, олон нийтэд танилцуулж байна.
Улсын хэмжээнд энэ оны байдлаар үндэсний хэмжээнд нийт 10.000 гаруй сайн дурынхан 5.6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нийгэмд тустай ажил үйлчилгээг үзүүлж байна.
Мөн чуулганаар, “Сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан тогтвортой ирээдүйг бий болгох нь” “ИРЭЭДҮЙ-РҮҮ” Хүүхэд залуучуудын сайн дурын үйл ажиллагааны хэрэгцээ, “Сайн дурын үйл ажиллагааны иноваци хөгжүүлэлт”, “Сайн дурын үйл ажиллагааны бодлогын нөлөөлөл”, “Сайн дурын үйл ажиллагаан дахь иргэний нийгмийн үүрэг оролцоо, "Залуучуудын манлайлал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлж байна.
Сайн дурынхны чуулган “BEST VOLUNTEER AWARD-2024” ёслолын үйл ажиллагаагаар өнөөдөр орой үргэлжилж, 18.00 цагт “Их Наяд” плаза төвд “Монголын сайн дурынхны сүлжээ” байгууллагатай хамтран шилдэг сайн дурын ажилтан, байгууллагыг шалгаруулах юм.