ДУНДГОВЬ: 205.109 га талбайг нөхөн сэргээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дундговь аймаг 2020-2024
онд 177.409 га талбайд техникийн, 27.7 га талбайд биологийн нөхөн сэргээлт
хийжээ.
Тус аймгийн хэмжээнд 13
суманд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 128, 14 сумын нутагт хайгуулын тусгай
зөвшөөрөлтэй 60 талбай байна. Түүнчлэн түгээмэл тархацтай ашигт малтмалын
хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч 26, түгээмэл тархацтай ашигт малтмалын
ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 2 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг.
Тус аймгийн хэмжээнд ашигт
малтмалын төрлөөс жонш давамгайлдаг ба нүүрс, гөлтгөнө, төмөр, цайр, мөнгө,
уран, алт, бал чулуу, перлит, шохойн чулуу, гантиг гэх мэт ашигт малтмалын
нөөцтэй юм.
Ашиглалтын тусгай
зөвшөөрөлтэй 128 талбайн 34 нь Баянжаргалан, 21 нь Өлзийт, 19 нь Гурвансайхан,
23 нь Дэлгэрхангай, 12 нь Говь-Угтаал суманд харьяалагддаг нь хамгийн олон
байна.
Уг зөвшөөрлийг төрийн
өмчит үйлдвэрийн газар 2, дотоодын хөрөнгө оруулалттай 88, хамтарсан хөрөнгө
оруулалттай 19, 100 хувийн хөрөнгө оруулалттай 29 аж ахуйн нэгж эзэмшдэг.
Уул уурхайн ашиглалтын
болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч томоохон аж ахуйн нэгжүүд тухайн
жилийн менежментийн төлөвлөгөөг батлуулж, 2022 оноос "Тэрбум мод" үндэсний
хөдөлгөөний хүрээнд нийт 170340 мод тарьсны дотор "Эрдэнэс алт ресурс" компани
бусад аж ахуйн нэгжээс хамгийн олон мод тарьжээ. Харин "Үнэн анд" компани мөчрөөр
үржүүлэг хийж, жишиг талбайтай болсон байна.
Аймгийн ЗДТГ-аас хийсэн уул
уурхай, эрдэс баялгийн өнөөгийн нөхцөлийг тодорхойлох судалгаагаар Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвасайхан суманд ашиглалтын
болон хайгуулын талбайд нөхөн сэргээлт хийгдээгүй байгааг тодорхойлжээ.
Тиймээс тус аймагт уул
уурхай, барилга байгууламжийн үйл ажиллагаа явуулж байсан эзнийг олж тогтоох, үлдсэн
газрын нөхөн сэргээлтийг хариуцагч байгууллагаар хийлгэх ажлыг зохион
байгуулахаар аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун холбогдох байгууллагуудад үүрэг
болгосон байна.
Мөн тэрээр цаашид
хариуцлагатай уул уурхайг дэмжин ажиллаж, уул уурхайн компаниудтай гэрээ
байгуулахдаа туслан гүйцэтгэгчээр аймаг орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг
оруулах, тээвэрлэлтийн асуудлыг тусгахаа
илэрхийлсэн юм.