ЗАВХАН: Цэвэршүүлсэн усыг Чигэстэй голд нийлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024
оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хаягдал ус цэвэрлэх, төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 66.67 хувийн цэвэршилттэй байна.
Цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус орж байгаа болон цэвэршүүлээд гаргаж байгаа цэгүүдээс нийт 2 сорьц авч шинжилгээ хийжээ.
Шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заасан хүрээлэн буй орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг харьцуулж дүгнэсэн байна. Шинжилгээний дүнгээр MNS4943:2015 стандарттай харьцуулахад хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир усны жинлэгдэх бодисын агууламж 2.3 дахин давсан.
Нийт азотын агууламж 1.1 дахин, химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж 1.2 дахин давсан байна.
Хаягдал ус цэвэршүүлэх байгууламж нь 66.67
хувьтай цэвэршүүлсэн усыг Чигэстэй
голд нийлүүлж байна. Гадаргын усны 11 дүгээр сард хийсэн хяналт шинжилгээний дүнгээс
үзэхэд голын усны цахилгаан дамжуулах 101.5-313.0 -т хэлбэлзэж байна. Богд
болон Чигэстэй голын ууссан хүчилтөрөгчийн горим Монгол Улсын гадаргын усны
стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас даваагүй байна гэж Завхан аймгийн Цаг уур орчны шинжилгээний
газраас мэдээлэв.