БАЯНХОНГОР: Шуурхай удирдлагын төв байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-12-11 10:51:53

Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн иргэдийн амар тайван, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор "Ногоон бүс" төслийн хүрээнд "Шуурхай удирдлагын төв"-ийг байгууллаа. Энэхүү төв нь төвлөрсөн хяналт, удирдлагын цогц шийдэл юм.


Аймгийн 2024 оны төсөвт тусгаснаар эхний шатны 200 сая төгрөгийн санхүүжилтээр Баянхонгор аймгийн ГХУСАЗСЗ, аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар хамтран тус төвийг ашиглалтад оруулав.


Баянхонгор аймгийн хэмжээнд 2024 онд 596.5 сая төгрөгөөр 222 камер байршуулжээ. Гудамж талбайн камерын хяналтыг сайжруулснаар иргэдийн аюулгүй, амар тайван амьдралыг бүрдүүлэх, жуулчид, аялагчдын аюулгүй байдал хангагдаж, аялал жуулчлалын салбарт эерэг нөлөөлөл бий болох, соёлтой хотыг цогцлоож, иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн хүний оролцоог багасган, алба хаагчдын ачааллыг бууруулж, гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурч, илрүүлэлт сайжрах давуу талтай юм.


Баянхонгор аймаг 90 мянга орчим хүн амтай, олон улсын жишигт нийцүүлэхэд 100 хүн тутамд 2 ширхэг хяналтын камер байхаар тооцоход 1800 орчим хяналтын камер суурилуулах шаардлагатай гэх судалгаа гарсан. Орон нутгийн онцлогт тохируулан гудамж талбайд 100 хүн тутамд 1.5 камер байхаар тооцоход 1300 гаруй камер болж байна.


Аймгийн хэмжээнд улсын төсвийн 332 камер /хөдөлгөөнт 32, чиглэлийн 287, дугаар илрүүлэгч, дундаж хурд хэмжигч 8/, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 1187 камер буюу нийт 1519 ширхэг хяналтын камерыг ажиллуулж байгаа бөгөөд "Хяналтын камер ажиллаж байна" гэж анхааруулах тэмдэг 952 ширхгийг байршуулжээ.



Холбоотой мэдээ