БАЯНХОНГОР: Үйлдвэрлэлийн дадлагаар хийсэн ширээ сандлаа хандивлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боловсролын сургуулийн суралцагчид үндсэн хичээлийн үйлдвэрлэлийн дадлагаар хийсэн ширээ сандлаараа ЕБС болон СӨБ-ын анги бүлгүүдийг хангаж эхэллээ.
Тодруулбал, Баянхонгор аймаг дахь Политехник коллежийн Мужаан, сантехник гагнуурын мэргэжлийн багш, суралцагчид дадлагын сургалтаар сурагчийн эко модон ширээ сандал хийжээ. Суралцагчид хийсэн ширээ сандлуудаа аймгийн Галуут сумын ерөнхий боловсролын сургууль, эко модон сандлуудаа Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачуудад хандивласан байна.
Аймгийн Боловсролын газрын дарга Ж.Алтанцэцэг хэлэхдээ, "Аймагтаа Боловсролын салбартаа бие биенээ дэмжсэн, зах зээлийн үнэ ханшаас хямд, бат бөх байхаар тооцож эхлүүлсэн ажил ийнхүү эхэллээ. Цаашид хоол үйлдвэрлэлийн оюутнуудын хийсэн хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр ЕБС, СӨБ-ын үдийн цай, хоолыг хангахаар төлөвлөж байгаа. Бие биенээ дэмжсэн, санхүүжилтээ эх орондоо нэн ялангуяа аймагтаа үлдээж баялаг болгож, мөн сургалтын байгууллагууд материаллаг баазаа өргөжүүлэх том түлхэц болно" гэдгийг онцолж байв.
Баянхонгор аймгийн Политехник коллеж нь 1963 оны долоодугаар сарын нэгний өдрийн Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны сайдын тушаалаар “Барилгын сургууль комбинат” нэртэйгээр анх байгуулагдаж байсан түүхтэй. Тус сургууль /МСҮТ/ нь 2006 оноос Политехник коллеж болж, 2.5 жилээр боловсрол олгодог байсан нь 1.5 жил нэмж суралцан мэргэжлийн дипломтой төгсөх боломжийг нээсэн юм.