“Балигийн ес” сүлжээний гишүүд Индонезийн шоронгоос суллагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАНБЕРРА, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /BBC/. “Балигийн ес” гэгддэг мансууруулах бодис наймаалагч бүлэглэлийн таван гишүүн Индонезийн шоронд 20 орчим жил хоригдсоны эцэст Австралид эргэн иржээ.
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе ням гарагт мэдэгдэхдээ, Мэттью Норман, Скотт Раш, Мартин Стефенс, Си И Чен, Майкл Цугай нар эх орондоо ирснийг батлаад, энэ мэдээг дуулгаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр энэрэнгүй сэтгэл гаргасан Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субиантод талархал илэрхийлжээ.
2005 онд Австралийн есөн иргэн Балигаас 8.3 кг героиныг биедээ нуун гаргах гэж
байгаад Индонезийн цагдаа нарт баригдсанаар олны анхаарлыг татсан дээрх хэрэг явдал эхэлсэн байна. Найман эрэгтэй, нэг эмэгтэйг
Австралийн цагдаагийн газраас өгсөн нууц мэдээллийн дагуу Бали дахь нисэх онгоцны
буудал, зочид буудлаас баривчилж байжээ.
2015 онд тус бүлэглэлийн толгойлогч Эндрю Чан, Мюран
Сукумаран нарыг цаазалсан нь
хөрш орнууд болох Индонез,
Австралийн хооронд дипломат маргаан үүсгэж, дэлхий даяар шуугиан тарьж байлаа. Цаазын ялыг гүйцэтгэсний дараа
Австрали улс Индонез дэх
Элчин сайдаа эргүүлэн татсан боловч
тэрбээр таван долоо хоногийн
дараа Жакартад буцан иржээ.
“Балигийн ес”-ийн бусад гишүүнд 20 жилийн болон бүх насаар нь хорих ял
оноожээ. Есөн хүний нэг болох Тан Дук Тан Нгуен 2018 онд шоронд
хорт хавдраар нас баржээ. Түүнээс удалгүй 41 настай эмэгтэй Ренае Лоуренсыг
13 жил шоронд хоригдсоных нь
дараа ялыг нь хөнгөлж, Австралийн талд шилжүүлэн өгсөн байна.
Индонезийн Хууль зүй, хүний эрхийн асуудал эрхэлсэн сайд Юсрил Ихза Махендрагийн “АР” агентлагт мэдээлснээр, дээр дурдсан таван хүн ням гарагт Бали арлын “Ngurah Rai” олон улсын нисэх буудлаас Австралийн “Jetstar” агаарын тээврийн компанийн онгоцоор Австралийн Дарвин хот руу ниссэн байна.
“Тэднийг нөхөн сэргээх эмчилгээнд хамруулж, нийгэмшүүлэхэд анхаарах болно. Хүмүүнлэг ёсны үүднээс манай иргэдэд эх орондоо буцаж ирэхийг нь зөвшөөрсөн Индонезийн талд талархал илэрхийлж байна” гэж Австралийн Засгийн газар мэдэгдсэн байна.
Э.Албанезегийн Засгийн газар өмнө нь “WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг Их Британиас, сэтгүүлч Ченг Лэйг Хятадаас, эдийн засагч Шон Тернелийг Мьянмарын шоронгоос суллах асуудлаар хэлэлцээ хийж байв. Ерөнхий сайд Э.Альбаназе “Балигийн ес” бүлэглэлийн гишүүд хүнд гэмт хэрэг үйлдсэнийг хүлээн зөвшөөрсний сацуу Индонезийн шоронд 19 жил хоригдсон тэд эх орондоо буцаж ирэх цаг болсныг мэдэгдсэн байна.