ДУНДГОВЬ: Шагайн харвааны тэмцээн зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-12-16 12:01:48
altantogos

Мандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, иргэдийн дунд шагайн харвааны тэмцээн зохион байгуулж, 14 багийн 112 харваач цэц мэргэнээ сорилоо. Уг тэмцээнийг  цолгүй иргэдийн дунд зохион байгуулснаараа онцлог юм.


Шагайн харваа нь Юнескогийн соёлын өвд бүртгэгдсэн, үндэсний уламжлалт тоглоом. Шагай харваснаар хүн өөрийн тэвчээр, мэдрэмжийг сайжруулж, аливаад нухацтай хандах, зөв шийдвэр гаргах, хүлээцтэй болох зэрэг чадвар эзэмшдэг ач холбогдолтой. Тиймээс орон нутагт шагайн харвааг хөгжүүлэх, шинэ залуу харваачдын тоог  нэмэгдүүлэх,  харваачдын ур чадварыг өсгөх, залуу хойч үедээ өвлүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор энэхүү тэмцээний зохион байгуулсан юм.


Тэмцээнд аймгийн ОБГ-ын баг түрүүлж, хоёрдугаар байрт Гурвансайхан сумын Очир мандал хайрхан ХХК-ийн баг, гуравдугаар байрт Говь-Угтаал сумын баг тамирчид шалгарсан байна.


Харин хувийн цуваа харваанд Сайхан-Овоо сумын залуу харваач Л.Бат-Эрдэнэ тэргүүн байр эзэлж, Онцгой байдлын газрын залуу харваач С.Тогоонтөмөр, Өндөршил сумын залуу харваач А.Баярхүү нар удаалжээ.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд  аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун орлцож, нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ шагайн харвааны спортыг хөгжүүлэх, соёлын өвийг уламжлан өвлүүлэхийг бүх талаар дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлжээ.





Холбоотой мэдээ