Агаарын тээврээр зорчигчдын тоо анх удаа хоёр сая давлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Манай улсын агаарын тээврийн үйлчилгээний чанар, стандарт сайжирснаар 2024 онд Монголоор дамжин өнгөрөх агаарын тээврийн зорчигчдын тоо 16 мянгад дөхсөн нь өмнөх оныхтой харьцуулахад 6.5 хувиар өсжээ.
Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал 2024 оны 11 дүгээр сарын байдлаар хоёр сая зорчигч хүлээн авсан бол МИАТ компани түүхэндээ анх удаа жилд нэг сая зорчигч тээвэрлэсэн байна. 2024 онд Монгол Улс дэлхийн 46 улстай 47 агаарын харилцааны хэлэлцээртэй болж, давхардсан тоогоор 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломж бүрдсэн бөгөөд түүхэндээ анх удаа агаарын тээврээр зорчигчдын тоо хоёр сая давлаа.
Зам, тээврийн салбарын нийт ачаа тээвэр 2023 онд түүхэн дээд үзүүлэлтдээ хүрч 107.4 сая тонн ачаа тээвэрлэж байсан бол 2024 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн байдлаар бүх төрлийн тээврээр нийт 122.2 сая тонн ачаа тээвэрлэж өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 20.4 хувиар өссөн байна. Үүний дотор экспортын тээврийн хэмжээ 87.2 сая тонн болж өмнөх оны жилийн эцсийн дүнг давсан бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс 22.2 хувиар өссөн нь мөн түүхэн дээд үзүүлэлт болов. Түүнчлэн автотээвэр болон төмөр замаар тээвэрлэсэн ачааны хэмжээ өмнөх жилүүдийг давж түүхэн үзүүлэлтээ шинэчлэн тогтоожээ. 2023 онд автотээврээр 71.2 сая тонн, төмөр замаар 36.1 сая тонн ачаа тээвэрлэж байв. Тэгвэл энэ сарын 8-ны байдлаар автотээврээр 81.1, төмөр замаар 41.2 сая тонн ачаа тус тус тээвэрлэн түүхэн дээд амжилтыг шинэчилсэн байна.
Авто замын салбарт 2024 онд нийт
559.5 км хатуу хучилттай авто зам, 173.9 урт метр гүүрийг шинээр ашиглалтад
оруулжээ. Үүнээс олон улс, улсын чанартай авто замын
сүлжээ 223.5 км хатуу хучилттай авто замаар нэмэгдэж, нийт урт 7750.1 км болсон байна.