ӨВӨРХАНГАЙ: Ховор ан амьтдад биотехникийн арга хэмжээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-12-19 12:29:49

Арвайхээр, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Байгаль орчны газраас ховор амьтад бүхий бүс нутгаар явж, ховор ан амьтдад биотехникийн арга хэмжээ аваад байна.


Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид болон Уянга, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл сумын ЗДТГ-аас Нарийн хушт, Халтар хушт, Ногоон нуур, Нуудгай, Баарай, Зураа, Зүүнхайрхан, Дөлгөөн зэрэг газарт очиж, халиун буганд хужир шүү тавьж өглөө.


“Тухайн бүс нутагт ховор ан амьтан байна гэдэг нь тэр нутгийн экосистемийн үнэ цэнийг нэмэгдүүлж байдаг. Хужир нь жилийн аль ч улиралд ховор, зэрлэг амьтдад нэн шаардлагатай байдаг учраас жил бүр биотехникийн арга хэмжээ авдаг” хэмээн аймгийн БОГ-ын мэргэжилтэн Ц.Батгэрэл ярилаа. Энэ жил өвөлжилт өнөтэй, өвс элбэг байгаа учраас ан амьтад ууландаа тогтвортой өвөлжиж байна.


Өвөрхангай аймгийн хувьд Есөнзүйл, Бүрд, Бат-Өлзий, Уянга, Зүүнбаян-Улаан, Хужирт, Хархорин, Нарийнтээл, Хайрхандулаан суманд халиун буга, Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Богд, Гучин-Ус, Нарийнтээл, Зүүнбаян-Улаан, Хайрхандулаан, Есөнзүйл, Төгрөг, Хархорин, Уянга суманд аргаль хонь, Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Бат-Өлзий, Богд, Төгрөг, Уянга, Сант зэрэг суманд янгир ямаа тархан байршдаг ажээ.

Холбоотой мэдээ