Ц.Загдсүрэн: Хөгжим бол хүний дотоод ертөнцийн гал юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-12-19 16:06:12

Даланзадгад, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Говь нутгийн соёл урлаг, тэр дундаа тайзны бүжгийн болоод драмын хөгжмийн төрлийг дэлгэрүүлж, мэргэжлийн түвшинд хүргэж чадсан МУУГЗ, хөгжмийн багш, удирдаач Ц.Загдсүрэнтэй ярилцлаа.


-Та урлагийн салбартай хэдий үеэс ажил амьдралаа холбосон бэ?

-Би аймгийн соёлын ордонд 1970 онд анх орж ХЖТ болтол найман жил жүжигчнээр ажилласан. Харин 1978 оноос хойш тасралтгүй 44 жил энэ салбартаа хөгжмийн багш, удирдаачаар ажиллажээ.


-Өмнөговь аймгийн соёл урлагийн салбарт аав тань өөрийн залуу нас, оюун ухаан, авьяас билгээ зориулсан хүн. Та аавынхаа ажлыг өвлөн энэ салбарт үе дамжин хөдөлмөрлөж байгаа нь бахдам юм аа?

-Тийм ээ. Аав минь Цолмон гэж хүн байсан. 1943 оноос эхлэн 1980 оны эхэн үе хүртэл 40 гаруй жил Өмнөговь аймагт соёл урлагийг хөгжүүлэх их үйлсэд ажил амьдралаа зориулсан хүн дээ. Ээж минь ч гэсэн дуучнаар ажиллаж байлаа. Тухайн үед клуб найман хүний орон тоотой байсан гэдэг. Харамсалтай нь дүүг төрүүлж байхдаа ээж маань осолдож өөд болсон. Тиймээс би аавыгаа дагаж хүүхэд нас минь энэ клубт өнгөрсөн юм. Долоодугаар ангиа төгсөөд 1966 онд багшийн сургуульд явж, 1970 онд төгсөж ирээд аймгийнхаа соёлын ордноос ажлын гараагаа эхэлсэн. Тэр үеийн соёлын ордонд ажиллаж байсан хүмүүс бүгдийг хийдэг байлаа. Ахмад уран бүтээлчдээс олон зүйл сурсан даа.




-Хүмүүс таныг болон аавыг тань урлагийн маш торгон мэдрэмжтэй хүмүүс гэдэг. Олон ч хүнд урлагийн гоо зүйг  ойлгуулж  мэдрүүлсэн. Гэтэл та мөн ч даруухан хүн юм?

-Баярлалаа. Аав минь гайхалтай хүн байлаа. Ер нь урлагийн хүнд зайлшгүй авьяас байх хэрэгтэй. Авьяасгүйгээр энэ ажлыг хийнэ гэж байхгүй. Гэхдээ дан ганц авьяасаар бас л болох юм биш. Хөдөлмөрлөхгүй бол тэр зүйл тодорч харагдахгүй. Авьяас удамшиж ч болно үгүй ч байж болно. Хувь заяа юм даа. Надад бол хөгжмийн энэ авьяас заяажээ.


-Таныг урлагийн алтан тайз уруу хөтлөн залсан хүн бол яах аргагүй аав тань байх нь. Энэ эрхэм хүний талаар арай дэлгэрүүлж ярина уу?

-Манай аав Номгон сумын малчин айлын хүүхэд. Аав цэрэгт очоод маршийн хаан гэж алдаршсан Д.Цэрэнпэл гэдэг хүний шавь болж байсан юм билээ. Тэндээ ажиллаж байгаад ар гэрийн гачигдал гарч халагдаж ирсэн түүхтэй. Ингээд нутагтаа ирж клубт орж бүх л уран сайхны найруулга хийж олон сайхан авьяастныг цуглуулж уран бүтээл хийдэг, зааж сургадаг хүн байлаа. Үүний үр дүнд олон алдартай уран бүтээлчид төрөн гарсан юм. Жишээ нь СГЗ, найруулагч Ю.Сосорбурам гуай байна. Энэ хүнийг урлагийн сургуульд оруулан өөрөө асарч, хүмүүжүүлж байсан гэдэг. Мөн Б.Чулуундорж, Цогтцэций сумаас Н.Лүндгээ зэрэг хүмүүсийг аймгийн клубт авчирч ажиллуулж байжээ. Авьяаслаг хүмүүсийг олж цуглуулж ажиллаж байсан байгаа юм.


-Тухайн үеийн соёлын ордны үйл ажиллагааны талаар ярина уу?  Үнэхээр авьяаслаг, хөдөлмөрч хүмүүс ажиллаж байж дээ?

-Соёлын ордон байгууллагын захиалгаар бүгдийг л хийдэг байсан. Нэг төрлийн ажлыг дагнан хийнэ гэж байхгүй. Ажиллаж байх явцдаа суралцаж байлаа. Аав минь тэр л замналаар ажиллаж суралцаж ирсэн би ч мөн адил. Одоо ч манай ХЖТ авьяастнуудаа олж сургаж өөрсдөө сурган хөгжүүлж бэлдэж явдаг. Бид олон шавь бэлдсэн гэдэг утгаар гэх юм уу даа аав бид хоёрыг ард түмэн маань багш хэмээх хүндтэй алдрыг хайрласан байх.


Ц.Загдсүрэн нь хөгжмийн боловсон хүчин, чадварлаг хөгжимчнийг бэлтгэхэд онцгой анхааран ажиллаж ХЖТ-ыг 1984 онд байгуулахад 30 шахам хөгжимчинтэй мэргэжлийн ардын хөгжмийн оркестрыг босгож байжээ. Өдгөө Өмнөговь аймгийн ХЖТ-ын хөгжим ангийг Ц.Загдсүрэнгийн нэрэмжит болгосон юм.


-Та хэдэн шавь бэлтгэсэн бэ? Шавь нарынхаа амжилтаас хуваалцана уу?

-Хөгжмийн ертөнцөд хөтлөн оруулсан 100 гаруй шавь бий. Үүнээс 11 нь дуу хөгжмийн багш болж 7 нь дуу хөгжмийн дээд боловсрол эзэмшиж, 9 хүн МУСТА, 1 хүн нь МУГЖ цолд хүрсэн байна. Шавь С.Сэрээтэр, С.Туяахүү, Ц.Нарандулам, Д.Түвшиндэлгэр, С.Мөнхбаяр, Б.Рэгзэдмаа нар Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ардын хөгжмийн тусгай сургалттай сургууль байгуулан, 2014 онд анхны тоглолтоо зохион байгуулж байсан нь бахархмаар үйл явдал юм.


-Хамгийн анхны бичсэн хөгжим ямар түүхтэй бүтээл байв. Хэдэн онд анх бичиж байсан бэ?

-Бүх ард түмний урлагийн үзлэг гэж 1990-ээд оноос өмнө таван жил тутамд болдог байсан. Тэгээд ажилчны урлагийн наадам, залуучуудын урлагийн наадам гээд л олон наадмыг зохион байгуулдаг байлаа. Албан газрууд хүртэл концерт тоглодог. Бүх ард түмний урлагийн үзлэг гэж тусдаа бэлддэг байсан юм. Тухайн үед соёлын ордон 18 хүнтэй. Хөдөө сумдыг хүртэл бэлд гээд хүн нэг бүрийг хуваарилна. Би Ноён суманд хуваарилагдан очиж ажиллалаа. Тэнд хөгжмийн номер хэрэг болоод “Малчны жавхаа” гээд хөгжмийг анх зохиож бичсэн. Анхны бүтээл ийнхүү хөдөө малчдын сүр жавхаанд бахдан гарч байлаа.


-Энэхүү сонсохуйн гайхамшигт урлагаар та олон сайхан бүтээл туурвисан. Энэ торгон мэдрэмж нь дан ганц хүн төдийгүй мал амьтдыг ч уяраах агуу хүч шингэсэн байдаг?

-Тэгэлгүй яахав. Хөгжим өөрөө хүний дотоод сэтгэлийн гал юм. Хөгжим хоёр янз байна. Тодруулбал нэг нь зохиомол буюу уран сайхны нөгөө нь байгалийн гэж. Байгалийнх нь тэр чигээрээ хөгжим. Байгалийн авиа хүний сэтгэлийн авиаг эмхэтгэн хөгжимд оруулахыг хөгжмийн зохиол гэж байгаа юм. Хөгжим гэдэг нэг ёсондоо сэтгэлийн дуу билээ. Хөгжмийг сэтгэлдээ буулгах чадвар монгол хүний сэтгэлгээ, генд илүү их байдаг.




-Залуучууд хөгжмийг маш хурдан сураад төгс болсон мэт ойлгох нь бий. Харин таны хувьд амьдралынхаа ихэнх хувийг хөгжмийн ертөнцтэй холбосон хүн юу гэж хэлэх вэ?

-Хөгжмийг сурна гэдэг нэг ойлголт. Хөгжмийн боловсролтой болно гэдэг бас өөр ойлголт шүү дээ. Үнэхээр хөгжимчин болно гэж бодсон бол эхнээс нь эхлэх хэрэгтэй. Цагаан толгойгоор бол А-гаас эхэлж байна гэсэн үг юм. Хөгжмөөр хоолоо олж иднэ гэж байгаа бол хамаг хүч, бие сэтгэл, цаг хугацаагаа зориулна гэж ойлгох нь зүйтэй. Бусдаар хурдан сурах нь тухайн хүний хөгжмийн боловсролд нь л хэрэгтэй.


-Ц.Загдсүрэн гэдэг хүний хөгжим шиг амьдралыг сонирхохгүй орхиж боломгүй. Дурсамжтай цаг үеэсээ бидэнтэй хуваалцана уу?

-Би гэдэг хүн анх соёлын ордонд ороод баян хуур их тоглодог байлаа. Хамт ажиллаж байсан уран бүтээлчидтэйгээ хамт дууг нь дуулж жүжигт нь оролцоод хамтдаа л бужигнаж уран бүтээл дунд залуу халуун нас минь өнгөрсөн. Бүжгээс бусад төрөлд нь оролцож байсан. Хамгийн гол нь манай хамт олон уран бүтээлч сэтгэлгээгээр маш нарийн нэгдэн ажиллаж нэгэндээ тусалдаг байлаа. Урлагийн хүмүүсийн харилцаа ийм сайхан байдаг. Үүнээс нь ажиллах их хүсэл, тэмүүлэл авдаг байсан юм. Тиймээс гарсан бүтээл бүр минь ард олондоо хүрсэн байх гэж боддог.




-Та голлон ямар бүтээлүүд туурвисан бэ?

-Миний хийсэн гол бүтээлүүд бол бүжгийн хөгжмийн зохиолууд байсан. Ойролцоогоор 200 гаруй бүжгийн хөгжмийн зохиол тууривсан байна. Энэ үед надтай хамтран ажиллаж байсан хүмүүс бол бүжиг дэглээч СТА Г.Дорж, СГЗ Ю.Сосорбурам, Д.Бэхбат гээд уран бүтээлчид байлаа. Хамтран ажиллаж байсан хүмүүс маань урлагийн хүн ямар байх ёстойг бүр хэлбэрээсээ гадна үзэмж дотоод сэтгэлээсээ харуулж байсан нь одоо ч эргэн дурсахад бахархалтай санагддаг.


-Хүн бүрд аялах дуртай дуу гэж байдаг. Түүнтэй адил танд байнга тоглох дуртай хөгжмийн ая байдаг уу? Хааяа тоглож тайвшрал авдаг ч гэх юм уу?


-Симфонийн аянууд сонсох дуртай. Сайхан тайвшралыг өгдөг юм. Харин байнга өөрөө тоглоод байдаггүй.


-Та монголын урлагийн томчуудтай мөр зэрэгцэн суралцаж байсан юм байна шүү дээ?

-Тийм ээ. Багшийн сургуульд хамт сурч байсан. Нөгөөдүүл сургуулиа төгсөөд цаашаа дэвшин суралцсан. Харин би төрөлх нутагтаа соёлын үрийг тарихаар буцсан даа.


-Тэдэнтэйгээ хамт суралцаад явж болоогүй юу?

-Орон нутаг боловсон хүчнээр дутуу байсан. Тэр үед чинь тавьж явуулдаггүй байлаа шүү дээ. Сүүлд соёлын дээдэд явах хуваарь байсан. Намын хорооны хурлаар оруулаад аймгийн хурал мэддэг байсан үе. Тэгээд аймаг орон нутагт соёлын том үйл ажиллагаатай заавал байх шаардлагатай гээд үлдээсэн. Тэр үед чинь 28 нас хүртэл гадаад явуулдаггүй байлаа.




-Танд харамсал төрдөг үү?

-Энэ хугацаанд сум орон нутагтаа соёл урлагийн үрийг харамгүй түгээж тасралтгүй ажиллаж өөрийн хийсэн бүтээсэн зүйлээ төр болон ард түмэндээ дүгнүүлж, чамлахааргүй бүтээл туурвилтай болсон байна. Улс орноос маань ч энэ бүхнийг үнэлсэн. Гавьяаныхаа амралтад гарахаас өмнө МУУГЗ цол тэмдгээр шагнасан. Би 2011 онд тэтгэвэртээ гарсан. Тухайн үед бүх л хөгжмийн зохиол миний гараас гардаг байсан. Загдсүрэн гэдэг хүн үнэхээр л байхгүй бол болохгүй цаг үе байсан. Харамсах зүйл байдаггүй ээ.


-Та гэр бүлээ танилцуулна уу? Амжилт бүтээлийн ард хариуцлагатай гэргий ихээхэн үүрэг гүйцэтгэж байдаг шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Миний ханийг Хорлоо гэдэг. Тухайн үед чинь байгууллагууд хүртэл урлагийн үзлэг их бэлдэнэ. Манай хүн чинь Болгарын хүнсний техникумыг төгсөж ирээд Өмнөговь аймгийн хүнсний үйлдвэрт ажиллаж байсан. Тэгээд манай хүн чинь байгууллагынхаа гоцлол дуучин би хөгжмийг нь тоглож өгнө. Тэгээд л 1971 онд танилцаж, гэр бүл болсон түүхтэй. Гурван охин, нэг хүүтэй. Олон ач, зээ нартай. Амьдрал минь сайхан өрнөж байна даа.


-Та ханьдаа зориулж бүтээл хийж байв уу?

-Яг ханьдаа гэж нэрлэж хаяглаагүй ч ханийн тухай, ээжийн тухай бүтээлүүд олон бий. Тухайн бүтээлийг хийхдээ ханиараа төсөөлж бодож хийдэг. Тиймээс бүтээл бүхэн минь ханьдаа зориулсантай адил.


-Амьдрал, уран бүтээлийнхээ талаар олон сайхан дурсамжийг бидэнтэй хуваалцсан танд баярлалаа. Тандаа эрүүл энхийг ерөөе.

-Маш их баярлалаа. Та бүхний үйл бүхэн өсөн дэвшиж байх болтугай.

 

Холбоотой мэдээ