Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийг сонгон шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-12-18 15:40:32

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Засгийн газраас Төрийн өмчит болон орон нутгийн компанийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлж өргөн барих гэж байна.  

Нэг ёсондоо төрийн өмчит компаниудын ТУЗ дэх хараат бус гишүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх талаар хуулийн төсөл боловсруулж байна. Энэ талаар “Хараат бус гишүүдийн оролцоо ба ТУЗ-ийн манлайлал” сэдвээр болсон хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга Д.Цолмон танилцуулсан юм.

Тэрбээр, төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдэд тавх шаардлагыг өндөрсгөж, өмнө нь шууд томилдог байсан байдлыг халж нээлттэй сонгон шалгаруулах замаар сонгож, мэргэжлийн, хараат бус гишүүдийг бүрдүүлнэ гэдгийг тодотгон хэлсэн юм. Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийг олон нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулах нь улс төрийн томилгооноос ангид байх нэг шаардлага болж байгааг хэлллээ.

Хэлэлцүүлэгт оролцогч нар төрийн өмчит байгууллагуудын Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж байгаа хараат бус гишүүд үүрэг оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, үр ашигтай ажиллах тал дээр байр сууриа илэрхийлсэн юм. 




Өнгөрсөн оны судалгааны үзүүлэлтээс харахад төрийн өмчийн 119 компаниаас 65 байгууллага ашигтай ажилласан бол 54 нь алдагдалтай ажиллажээ.


СЭЗИС-ийн Ахисан түвшний сургуулийн профессор Т.Цэнд-Аюуш, төрийн өмчит компаниуд одоогийн байдлаар ямар ч зохицуулалтгүй явж байна. Үүнд шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, засаглалыг хэрэв хүсвэл Компанийн тухай хуулиар зохицуулдаг гэдэг боловч Компаниудын тухай хуульд төрийн өмчит компаниудын талаар тодорхой заасан хэсэг байхгүй байгаа.

Тиймээс энэ талаар хуульчлаад сайн хууль гарч ирвэл энэ нь том дэвшил болно гэв. Тодруулбал, төрийн өмчит компаниудад гардаг элдэв залилан, завших зэрэг зөрчил хязгаарлагдаж, үр ашигтай удирдах хууль эрх зүйн суурь бүрдэнэ гэв.



Компаниудын тухай хуульд төрийн өмчит компаниудын талаар тодорхой заасан зүйл хэсэг байхгүй байна.


-Компанийн засаглалыг сайжруулах тал дээр манай улсад хэр ахиц гарч байна вэ?

-Төр сайн менежмент хийдэг гэдэг бол үндсэн утгаараа угаараа ямар ч боломжгүй юм. Засаглалын хамгийн чухал хяналтын тогтолцоо үгүйлэгдэж байна. Төр төрийн өмчит компаниуд дээр үүргээ яаж гүйцэтгэж байна гэхээр энд үр дүн чухал атал хэмжүүр, хязгаарлалт ч алга. Тиймээс төрийн өмчит компаниудыг зааг ялгаатай болгож, бизнесээсээ, бизнесийн зах зээлээсээ салгамаар байна.

-Төрийн өмчийн менежментийг манайх шиг нэг системд байсан Зүүн Европын орнуудад яаж хэрэгжүүлсэн вэ? Компанийн засаглалаар олон жил ажиллаж буй танаас энэ талаар тодруулъя?

-Улс орон бүр янз янзын аргаар явж ирсэн. Манай улсын хувьд төрийн өмчийн бодлогоо гаргах хэрэгтэй. Ингээгүйгээс төрийн өмчит компаниуд юу дуртайгаа хийж байгаа нь нууц биш, олон нийт үүнд шүүмжлэлттэй хандаж байгаа. Төрийн өмчит компаниудын хэлбэр, төрөл нь төвлөрснөөс эхлээд 5 хэлбэртэй байдаг, манайд бүх хэлбэр нь байна.

Компаниудын засаглалын түвшин янз бүр байна. IPO хийж, хувьцаа гаргах гэж буй нь байна. Аль нь ч бай засаглалын үнэлгээгээ тогтмол хийлгэхгүй байгаа учир ийм тийм гэж хэлэхэд хэцүү. Дотор нь орж үнэлгээ хийж байж мэднэ гэв.



ТУЗ-ийн хараат бус гишүүд санал өгөхөөс биш шийдвэрлэх түвшинд нөлөөлж чадахгүй байна.


Эрдэнэтийн ДЦС ТӨХК-ийн хараат бус гишүүн, О.Баярсайхан, Төрийн өмчийн компаниудын хувьцааны 51 хувийг олон нийтийн хяналтад оруулахын тулд хууль эрх зүйн орчныг тодорхой болгож өгөх ёстой. Тэгэхгүй бол хараат бус гишүүд үндсэн үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй. Тэд санал өгөхөөс биш шийдвэрлэх түвшинд нөлөөлж чадахгүй байна. Мөн хараат бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв байх.

“Үнэт цаасны клиринг” компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Н.Баярмагнай, “Хараат бус гишүүн гэдэг бол байгууллагын хяналтын тогтолцооны нэгж юм. Тэгэхээр хараат бус гишүүний дор мэргэжлийн дотоод аудиторын баг ажиллах ёстой. Тэр баг нь мэргэжлийн түвшинд баримт бичиг дээр ажиллаад үнэн зөв дүгнэлтийг хараат бус гишүүд болон тухайн компаний ТУЗ-д өгөх учиртай юм. Үүн дээр үндэслэж ТУЗ зөв шийдвэр гаргах тогтолцоо чухал. ТУЗ дэх хараат бус гишүүдийн тоог нэмнэ гэдэг гадаад өөрчлөлт. Дотоод мөн чанартаа бол хуулиа шинэчилж, тодорхой зүйл, заалт нэмж хяналтын системийг өөрчлөх нь чухал байна.

Холбоотой мэдээ