“Монголжсон” НҮБ-ын төлөөлөгч

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-19 10:56:43

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улс, НҮБ-тай идэвхтэй, үр өгөөжтэй, харилцан ашигтай харилцааг цогцлоож явна.


Ялангуяа, сүүлийн жилүүдэд энэ харилцаа улам батжиж, олон улсын олон чухал хурлыг НҮБ-тай хамтран зохион байгуулаад байнаНҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра манай улсад таван жил ажиллаад, томилолтын хугацаа нь дуусаж байна. Тэрбээр Монгол Улсын тогтвортой хөгжил, эдийн засаг, нийгэм, байгаль орчин, онцгой байдлын салбарт чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаануудыг зохион байгуулж, олон улсын хамтын нийгэмлэгтэй холбож ирсэн юм.


Түүний хувьд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаар 2019 оны есдүгээр сараас эхлэн Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн албыг хашсан юм. 2019 оноос өмнө НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч нь суурин зохицуулагчийнхаа үүргийг давхар биелүүлдэг байсан. Харин 2019 оноос НҮБ-ын суурин зохицуулагчийн албан тушаалыг тусад нь бий болгосон. Ингэснээр Тапан Мишра Монгол Улсад төлөөлсөн бие даасан, анхны суурин зохицуулагч болсон юм. Тэр өмнө нь БНАСАУ-д Суурин зохицуулагчаар, НҮБ-ын Нью-Йорк дахь салбарт хүний нөөцийн албанд сургалт, хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байжээ.




Тапан Мишра манай улсад 2023 оны байдлаар 51.5 сая ам.долларын санхүүжилттэй, 158 төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байна. Өнгөрсөн зуднаар гэхэд 10.2 сая ам.долларын санхүүжилтийг зудын үеийн дэмжлэг болгож цуглуулж чаджээ. Хэдхэн хоногийн өмнө “Найрамдал” медалиар шагнуулсан Тапан Мишрагийн талаар түүнтэй хамтран ажиллаж байсан эрхмүүдийн сэтгэгдлийг хуваалцсанаа толилуулж байна.


УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Мишра Дорнын соёлыг маш сайн ойлгодог хүн

-Тапан Мишра бол Олон улсын түвшинд бэлтгэгдсэн олон талт хамтын ажиллагааны салбартаа нарийн мэргэшсэн дипломатч юм. Энэ хүнтэй хамтран ажиллахдаа би маш баяртай байдаг. Бид их сайхан хамтарч ажиллаж байлаа. Мишра дорнын соёлыг маш сайн ойлгодгоороо онцгой хүн. Ажиллаж байгаа газрынхаа соёл иргэншил рүү уусаж, нэг хэсэг нь болж чадсан нь гайхалтай. Хэдийгээр өөр соёл иргэншлээс ирсэн ч ажиллаж, амьдарч байгаа орныхоо соёлд уусаж ажиллаж чаддаг нь түүний давуу тал. Монгол Улсын олон салбарт НҮБ ажиллаж байна. Энэ ажил үр дүнтэй болоход Мишрагийн ур чадвар маш их хэрэг болсон. Монгол хэлийг үнэн сэтгэлээсээ маш сайн сурсан байна билээ. Нарийн нюанстай үгсийг ч хаанаас, яаж сурсан юм гэхээр.


Монголын соёлд Мишра гэдэг хүн яаж хандаж байгаа нь энгийн зүйлээс л харагдаж байна. Тийм учраас ажил нь их урагштай явдаг. Яагаад гэвэл, монгол хүмүүстэй маш сайн ойлголцож чаддаг, өөрийгөө ч сайн ойлгуулж чаддаг юм. Би гадаадын олон хүнтэй хамтарч ажиллаж байсан. Хандлага нь аяндаа анзаарагддаг. Тэр бидний төлөө гэсэн сэтгэлээр ажиллаж байсанд би хувьдаа их баяртай явдаг юм. Бидний төлөө ажиллана гэхээр Монголд хийж, хэрэгжүүлсэн ажил нь үр дүнтэй байсан гэсэн үг. Хүний эрхийн асуудал дээр би Мишратай маш сайн ойлголцож ажилладаг байсан. Надад “Та яг зөв яриад байна шүү. Энэ тал дээр анхаарч ажиллаарай. Би араас тань дэмжээд өгнө. Монгол Улс бол хүний эрхийн Ази, Номхон далайн төв болох боломжтой орон шүү. Үүнийг бид НҮБ-ын шугамаар дэмжинэ” гээд л урам өгнө. Түүнтэй хамтарч ажиллахад үргэлж урмын үгээр тэтгэдэг юм. Заримдаа монголчууд дэмжихгүй ганцаардах үед Олон улсын байгууллагын гаднын хүн орж ирээд дэмжих сайхан. “Таныг яаж дэмжих вэ” гээд л ороод ирэхээр их том урам болно. Энэ хүн Монголд уусаж, Монголын төлөө ажилласан. Түүний хийсэн бүхэн Монголын ард түмэнд, манай улсад л үлдэж байгаа юм. Тиймээс биш Тапан Мишрагийн цаашдынх нь ажилд амжилт, эрүүл энхийг хүсмээр байна. Бидэнтэйгээ хэзээд нөхөр хэвээр үлдэнэ шүү гэдгийг та бүхнээр дамжуулан уламжилъя.


Мишраг Монголд анх ирээд хоёр, гурав хонож байхад нь л би хүлээж авч уулзаж байлаа. НҮБ-тай хамтран ажиллах нь манай голлох чухал чиглэлүүдийн нэг учраас хамгийн түрүүнд хүлээн авч уулзсан. Тэр үеэс л бид хэл амаа маш сайн ололцсон доо. Их дотно ажилласан. Тоо томшгүй олон уулзсан. Хамтдаа олон бодит ажил ч хийсэн. Жишээ нь, өнгөрсөн жилийн 12 дугаар сарын 10-нд Хүний эрхийн өдрөөр УИХ-ын хүндэтгэлийн чуулган зарлаж, Г.Занданшатар дарга зохион байгуулж байсан. Тэр чуулганы анхны санааг Тапан Мишра бид хоёр гаргаж байлаа. Тэгээд НҮБ дэмжиж, хүндэтгэлийн чуулган хийлээ. Энэ бол түүхэн үйл явдал. Хүний эрхийн тусгай чуулган зарлаж хуралдуулж байсан парламент Азид лав байхгүй. Дэлхийд байдаг эсэхийг би сайн мэдэхгүй юм. НҮБ-ын үзэл санаа, бодлого бол манай улсын үндсэн хуулийн үзэл санаа. Монголын төрийн албан хаагчдын хүн хүндээ хандах сэтгэлийг өөрчилж байгаа  юм. Тапан Мишра эндэх ажлаа дуусгаад буцах гэж байна. Түүнийг буцлаа гээд бидний нөхөрлөл дуусна гэж бодохгүй байна. Дипломат хүмүүсийн нөхөрлөл томилолтын цаг хугацааны хүрээгээр хязгаарлагдахгүй. Цааш үргэлжилнэ гэдэгт би бүрэн итгэж байна.


ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян: Тапан Мишра өөрийгөө “Монгол хүн” гэж хэлдэг


ОБЕГ НҮБ-ын суурин зохицуулагчийн газартай хэд хэдэн бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх хүрээнд нягт ажилладаг. Эдгээр баримт бичгийн хэрэгжилтийг Монголд хэрэгжүүлэх, тэр дундаа уур амьсгалын гаралтай гамшгийн аюулт үзэгдэл, ослын тоог бууруулах, ард иргэдийн бэлэн байдлыг хангах, гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх зэрэг олон чиглэлээр бидэнд байнга тусалж, дэмжиж, манлайлал үзүүлж ирсэн. Баруун аймгийг хамарсан цас зудын нөхцөл байдал, ялангуяа өвөлжилт, хаваржилтын ажлаар олон суманд өөрийн биеэр газар дээр нь очиж ажиллаж байсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа монгол оронд томоохон хэмжээний зудын гамшиг болоход НҮБ-ын харьяа байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах, тэр дундаа онцгой байдлын байгууллагаас гаргасан эрсдэлийн үнэлгээн дээр суурилан эрт хариу арга хэмжээ авах асуудлыг Засгийн газрын түвшинд тавьж, энэ чиглэлээр дорвитой ажилласан хүн гэдгийг онцлохыг хүсэж байна.




Монголд 2023-2024 онд нүүрлэсэн зудын гамшгийн үеэр өөрөө санаачлан 1.5 сая орчим ам.долларын санхүүжилт босгож малчин айл өрхөд хүмүүнлэгийн тусламж өгөх ажлыг гардан зохион байгуулсан. Энэ мэтээр дурдаад байвал маш олон ажил бий л дээ. Би зах зухаас нь ярилаа. Хувь хүнийхээ үүднээс маш нээлттэй хүн. Харилцаа, хандлага маш сайтай. Аливаа ажилд бие төлөөний хүнээ явуулах бус аль болох өөрийн биеэр оролцохыг чухалчилж, хичээдэг. Энэ тал дээр манлайлал үзүүлж чаддаг нь онцгой. Бидний буюу манай байгууллагын хамгийн сайн түнш. Харин миний хувьд хамгийн сайн нөхөр гэж бодож явдаг. Монгол хэлийг сурах эрмэлзэл ихтэй, Монголын төлөө гэсэн сэтгэлтэй тийм л хүн. Өөрийгөө “Монгол хүн” гэж хэлдэгт нь баярладаг.


ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан: Монгол дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын түүхэнд түүний нэр, үйл ажиллагаа тодоос тод бичигдэнэ


НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишратай уулзах бүрд “Монгол гайхамшигтай” гэж монголоор хэлдэг нь яах аргагүй хоногшжээ. Монгол Улс дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын түүхэнд түүний нэр, үйл ажиллагаа тодоос тод бичигдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол хэлийг багшийн оролцоогүй маш сайн сурсан, бүх аймагт очиж ажилласан суурин зохицуулагч лав байхгүй гэдэгтэй санал нийлнэ гэдэгт би итгэлтэй байна. Бүх нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын хүнд үед НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, бусад олон улсын байгууллагатай холбож, зохицуулалтыг хийхэд түүний гүйцэтгэсэн үүрэг өндөр байсан. 


Түүнчлэн орон нутгийн хөгжил, мал аж ахуйг боловсронгуй болгох, хүүхдийн асуудалд онцгой анхаарч хувь нэмрээ оруулж байснаас гадна хүний эрхийн тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд өөрөө манлайлж, үлгэр дуурайлал үзүүлж байсныг тэмдэглэх нь зүйтэй.Хүний эрхийн үндэсний байгууллагыг өөрийн байртай болгох, хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөр, Хүний эрхийн үндэсний индекс, Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн сургалт, судалгааны бүсийн төвийг Монголд байгуулах зэрэг олон асуудлыг бодлогын түвшинд дэмжин ажиллаж байсан нь өнөөдөр үр дүнгээ өгч байна. Монгол хэл, монгол ахуй, соёл, уламжлал, эдийн засаг, газар зүй, олон улсын нөхцөл байдлыг монгол хүнээс дутахааргүй сайн судалсан Тапан Мишра зүрх сэтгэлдээ үнэхээр жинхэнэ “Монгол хүн” болсон байсан. Цаашдын ажилд нь өндөр амжилтыг, амьдралд нь эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.











Холбоотой мэдээ