БАЯНХОНГОР: Найрамдалт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-12-19 13:56:14
Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Засаг дарга Жючуань хотын даргатай байгуулсан гэрээний дагуу БНХАУ-ын Жючуань хотын мэргэжлийн коллежийн дэд захирал Баянхонгор сумын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Баянхонгор сумын Засаг дарга М.Насанбат хэлэхдээ, "Гансу мужтай хамтран ажиллаж, олон үр ашигтай ажлуудыг Баянхонгор суманд хийж хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны хүрээнд, багш, оюутан солилцоог нэмэгдүүлж, хятад, монгол хэлтэй мэргэжилтэн бэлтгэж, хөгжүүлэх /орчинд нь сургах/, соёл, нийгмийн хүрээнд харилцаа холбоогоо тэлж өргөн хүрээнд хамтран ажиллахад таатай байх болно" гэдгийг онцлов.

Хоёр хот цаашид нарны эрчим хүчээр сэргээгддэг хүлэмж бий болгох, усан цахилгаан станц дээр ажиллах хүчийг бэлтгэх, хичээлийн стандарт хангасан лаборатори бий болгох, ХААИС-ийн Баянхонгор салбар сургуулийн оюутнуудад ногоо, ургамал ургуулах арга технологийг заах болон бусад ажил дээр хамтран ажиллахаар боллоо.
Жючуань хот, Баянхонгор хот хоорондын найрамдлын хамтын ажиллагааны хүрээнд ХААИС-ийн Баянхонгор салбар сургуультай харилцан туршлага судлах, хоёр сургуулийн хамтын ажиллагааг ахиулах, оюутан солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана гэдгээ Жючуань хотын мэргэжлийн коллежийн дэд захирал хэлэв.
Холбоотой мэдээ