ЗАВХАН: Хүүхэд хамгааллын чиглэлээр батлагдсан төсвийн 23.8 хувийг зориулалт бусаар зарцуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024
оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймагт хүүхэд хамгааллын
талаар баримталж байгаа бодлогын хэрэгжилт хангалтгүй, үр дүн муутай байна гэж Завхан
аймаг дахь Аудитын газраас мэдээлэв.
Энэ оны 10 дугаар сард “Хүүхэд хамгааллын талаар төрөөс баримталж буй бодлого, түүний хэрэгжилт, үр дүн” сэдэвт гүйцэтгэлийн аудитыг гурван зорилтын хүрээнд 2019-2023 оны хүүхэд хамгааллын ажлын үр дүнг хамруулан гүйцэтгэсэн байна.
Хүүхэд хамгааллын талаар төрөөс баримталж буй бодлого, төлөвлөлтийн тогтолцоо оновчтой эсэх. Хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөлт, төсөвлөлт үр өгөөжтэй, хүүхдэд ээлтэй байж чадсан эсэх. Хүүхэд хамгааллын талаар баримталж буй бодлогын хэрэгжилт үр дүнтэй эсэх гэхчлэн аудитыг хийсэн байна.
Аудитаар 279 сая төгрөгийн зөрчлийг илрүүлэн, 7 байгууллагад 39 заалт бүхий зөвлөмж, 3 албан
шаардлага, 2 албан тушаалтанд хариуцлага тооцуулах санал, нэг төлбөрийн акт
тогтоосон. Мөн дөрвөн асуудлыг Үндэсний аудитын газарт уламжилснаас гадна доорх
дүгнэлтүүдийг гаргалаа.
Нэгдүгээрт, хүүхэд хамгааллын талаар орон нутагт баримталж буй бодлого, тогтолцоо оновчтой биш байна.
Тухайлбал хүүхэд хамгааллын бодлого нь сургууль, цэцэрлэгийн барилга засварлах, тоног төхөөрөмжөөр хангах зэргээр материаллаг зүйлд илүү төвлөрсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын үйлчилгээнд бүрэн хамрагдаагүй байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр мэргэшсэн албан хаагчид дутагдалтай. Аймаг, сумдын Хүүхдийн төлөө зөвлөл нь тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар зөвлөлийн тайланг хэлэлцүүлээгүй, салбар хоорондын уялдааг хангаагүй.
Хоёрдугаарт хүүхэд
хамгааллын үйлчилгээний санхүүжилт нэмэгдэж байгаа ч хүүхэд хамгааллын цогц
үйлчилгээг хэрэгжүүлж чадаагүй байна гэсэн дүгнэлт гарлаа.
Үүнд хүүхэд хамгаалалд зориулсан төсөв, зардлыг үндэслэлтэй төлөвлөдөггүй. Хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжих болон нөхцөл байдлын үнэлгээ хийх зардлууд хэт бага төлөвлөгдсөн, холбогдох журмын дагуу олгодоггүй зөрчлүүд байна.
Хүүхэд хамгааллын чиглэлээр батлагдсан төсвийн 23.8 хувийг буюу 109.7 сая төгрөгийг зориулалт бусаар байгууллагын үндсэн үйл ажиллагааны зардалд зарцуулсан байна.
НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхэд хамгаалал, хөгжил оролцоог сайжруулах чиглэлээр 351.9 сая
төгрөгийн тусламжийг олгосноос 10.4 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байна. 108
утсанд 275 хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага ирснээс зөвхөн 27 хүүхдэд нь хамгаалах
нөхөн сэргээх үйлчилгээний зардал олгогдсон. 2022-2023 онд эрсдэлт 370 хүүхдэд
64.1 сая төгрөгийн тусламж олгосон нь холбогдох журмыг зөрчсөн.
Гуравдугаарт, хүүхэд
хамгааллын талаар баримталж буй бодлогын хэрэгжилт үр дүнгүй байна.
Учир нь хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо үр дүнд хүрээгүй. Гэр бүлийн орчин,боловсрол, эрүүл мэндийн салбарт хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт хангалтгүй. Хэвлэл мэдээлэл, цахим орчин, соёл, спортын үйл ажиллагаанд хүүхэд хамгаалал хангагдаагүй.
Эрсдэлт нөхцөлд орсон хүүхдэд
үзүүлэх хариу арга хэмжээ шаардлагын түвшинд хүрээгүй, түргэн шуурхай байж
чадаагүй.
Салбар бүрийн
хүүхэд хамгаалалтай холбоотой тоон үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж эрсдэлийг
бууруулж ажиллаагүй байна гэсэн дүгнэлтүүдийг аудитаар тус тус гаргаж зөвлөмж, албан шаардлага, хариуцлага тооцох төлбөрийн актыг тогтоогоод байна.