ӨВӨРХАНГАЙ: Соёл урлагийн үйлчилгээнд хамрагдсан хүний тоо 20 хувиар нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд бүх нийтийн соёлын боловсролыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Зөв цаг”, Монголын урчуудын эвлэлийн Өвөрхангай аймаг дахь салбар, “Барт хүрээ”, “Алтан бярга”, “Ураг удам” зэрэг төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Эдгээр байгууллага нь энэ жил аймгийн соёлын байгууллагуудтай хамтран “Цахим соёл”, “Соёлын өв-Хөгжлийн дархлаа”, “Бүх нийтийн соёлын боловсрол” зэрэг 13 аян, үйл ажиллагааг өрнүүлж, 2300 иргэнийг хамруулан соёл урлагийг сурталчилсан байна.
Аймгийн хэмжээнд бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх гурван үндэсний сургагч багштай болж, есөн удаагийн сургалт зохион байгуулан, 216 соёлын ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлсэн юм.
Бүх
нийтийн соёлын боловсролын үйл ажиллагааг хэрэгжүүлснээр салбар дундын хамтын
ажиллагаа сайжирч, соёл урлагийн үйлчилгээнд хамрагдсан хүний тоо 2022 онтой харьцуулахад 20 хувиар
нэмэгджээ.