Бөхийн өргөөний барилдаануудыг NTV телевиз онцгой эрхтэйгээр дамжуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос “Монгол үндэсний бөх-Бидний үе дамжсан өв соёл, үндэсний бахархал” шинэчлэлийн аяныг эхлүүлж байгаагаа зарласан билээ.
Энэхүү санаачилга нь Монголын бахархал болсон
үндэсний бөхийн гайхамшгийг хадгалахаас гадна спортыг орчин үеийн мэргэжлийн
түвшинд хүргэх шинэлэг, дэвшилтэт алхам болно гэж үзжээ. Шинэчлэлийн хөтөлбөр нь үндсэн гурван хэсгээс бүрдэх аж.
Тодруулбал, монгол бөхийн өргөөг жилийн 365 хоногийн турш байнгын ажиллагаатай байлгаж зөвхөн монгол үндэсний бөх төдийгүй өв соёлын төв болгох, бөхийн барилдаан үзэхээр ирсэн үзэгчид сэтгэлийн цэнгэл эдлэхээс гадна тав тухыг мэдрэх, бөхчүүд өргөөндөө барилдахаас гадна хамтдаа цуглах, боловсрох, өв соёлоо түгээдэг байх бодлогын өөрчлөлтүүд багтав. Шинэчлэлийн хүрээнд барилдааны нэгдсэн цаглавартай болох юм. Ингэснээр бөхийн өргөөний барилдаанууд улирлын чансаатай болж, намраас зун хүртэл үзэгчдээ уйдаахгүй байх олон хөтөлбөр багтсан байна.
Дээрх шинэчлэлийн гол хамтрагчаар NTV телевизийг шалгаруулсан байна. Монголын үндэсний бөхийн
холбооноос өнгөрсөн есдүгээр сард орчин үеийн спортын хөгжлийн чиг
хандлагын дагуу телевизийн дамжуулалтын онцгой эрхийн сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд NTV телевиз албан ёсоор шалгарчээ. Тус телевиз уламжлалт
бөхийн барилдааныг үзэгчдэд үнэ төлбөргүй, дуу дүрсний өндөр чанартай, шинэ
формат, хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлээр хүргэх юм байна.