ГОВЬ-АЛТАЙ: Аймгийн хэмжээнд малын тоо толгой 2.7 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-01-07 16:52:50

Говь-Алтай, 2025 оны нэгдүгээр сарын 07 /МОНЦАМЭ/. 2024 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Говь-Алтай аймагт 3094.5 мянган толгой мал тоологдож өмнөх оноос 2.7 хувиар өсжээ.


2024 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 130 мянга, үхэр 81.8 мянга, тэмээ 50.8 мянга, хонь 914 мянга, ямаа 1918.7 мянга байна. Үүнийг өмнөх онтой харьцуулбал хонь 31.6 мянга, ямаа 34.4 мянга, адуу 5.5 мянга, үхэр 7.2 мянга, тэмээ 2.7 мянган толгойгоор тус тус өсжээ. 


Есөнбулаг, Баян-Уул, Бигэр, Дарви, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Халиун, Хөхморьт, Чандмань, Эрдэнэ, сумын малын тоо өмнөх оноос 1.1-26.7 мянгаар өссөн бол Алтай, Тонхил, Бугат, Төгрөг, Цогт, Цээл сумын малын тоо өмнөх оноос 4.3-26.6 мянгаар буурсан байна. Тэгвэл Есөнбулаг сум хонь, үхрийн тоогоор, Шарга сум тэмээ, Хөхморьт адуу, Эрдэнэ сум ямааны тоогоор тэргүүлжээ.


Говь-Алтай аймгийн хэмжээнд 2024 онд нийт 938.2 мянган төл бойжуулсан байна. Төллөсөн хээлтэгч өмнөх оноос 77.6 мянга, бойжсон нь 139.2 мянган толгойгоор өссөн тухай тус  аймгийн Статистикийн хэлтсээс танилцуулав.


Холбоотой мэдээ