БУЛГАН: Энэ сарын 1-нээс сум бүрд нийгмийн ажилтан гэр бүл, хүүхэд хариуцан ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-01-09 10:48:32

Булган, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/.  Булган аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Оюунзаяатай ярилцлаа. 

                             

С.Оюунзаяа: 2025 онд Хөгжсөн хүүхэд-хамгаалагдсан орчин уриатай ажиллана


-Аймгийнхаа хүүхдийн байгууллагыг тэргүүлэн ажиллаж буй таны ажлын онцлог юу вэ?

-Энэ салбарт ажилласнаараа хурдтай, мэдрэмжтэй, сэтгэлтэй ажиллах шаардлагатайг илүү мэдэрдэг.


-Хүүхдийн хөгжил хамгаалалд бүрэн хүрч ажиллаж чадаж байна уу?

-Булган аймаг 2024 оны хагас жилийн статистик судалгаагаар 21783 хүүхэдтэй байгаа. Хүүхэд хамгааллын ажил бол зөвхөн нэг байгууллагын ажил бус боловсрол, соёл, хамгаалал гээд олон талт хамтын ажил юм. Бид зөвхөн ил гарснаа хамгаалах уу, эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх үү, хаалганы наана байгаа ил гарсан нь хэд юм, цаана нууц байгаа гэр бүлийн хүчирхийллийн асуудал хэд юм гээд үүнийг олж харж, хүрч ажиллахын тулд бүх талын хамтын ажиллагаа чухал.


Аймгийн засаг даргаар ахлуулсан хүүхдийн төлөө зөвлөл хүүхдэд чиглэсэн хөгжлийн асуудал, хүүхдэд чиглэсэн бодлого төлөвлөлтийг хийж, харин хамгаалал талаас нь аймгийн засаг даргын орлогчоор ахлуулсан Хууль зүйн хороо ажилладаг. Энд бол гэмт хэрэг зөрчилд өртсөн, гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийг хамгаалах асуудал яригддаг. Тэгэхээр бид энэ 2 зөвлөлийн тусламжтайгаар хүүхдийг хамгаалах боломжтой эрх зүйн орчин бүрдсэн.


2024 оны 9 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж буй Хүүхэд хамгааллын шинэчилсэн хуульд эцэг эхийн үүрэг оролцоог тусгаад өгчихсөн байгаа. Хүүхдийн сайн сайхан байдал гэж юуг хэлэх, эрүүл аюулгүй амар тайван орчин гэдгийг хуульдаа заагаад өгсөн, тэгэхээр хүүхдийг хөгжүүлнэ, хамгаална гэдэг бол төр, төрийн бус байгууллага, иргэний хамтын оролцоон дээр явах хэрэгцээ шаардлагатай байгаа.


Ер нь хөгжил хамгааллын аливаа асуудал гэдэг бол хүртээмжтэй, тэгш жигд байх ёстой. Бид хөгжүүлж байна гээд нэг чадварлаг хэсэгтэй ажиллаад байж болохгүй. Хөгжил хамгаалал нь хууль эрхзүйнхээ хүрээнд ч, хүн болсон жам ёсныхоо эрхийн хүрээнд ч тэр төр, иргэн, эцэг эхийн хамтын ажиллагаанд тэгш хүртээмжтэй байх ёстой.


-Манай аймагт эмзэг бүлгийн хэдэн хүүхэд байдаг вэ? Өнгөрсөн жилтэй харьцуулбал?

-Булган аймгийн хэмжээнд 2023 оны байдлаар эрсдэлт нөхцөлд 410 хүүхэд байсан. Сая бүх сумаа тойроод эрсдэлийн программ дахь хүүхдүүдээ шинэчлэн бүртгэхэд амьдралын чанар сайжирсан, шинжсэн эсвэл 18 нас хүрсэн, цөөн тооны амиа алдсан гэж үзэхэд 40 хүүхэд хасагдаж байгаа боловч 66 хүүхэд нэмэгдэж бүртгэж байна. Хасагдсан хүүхдийн маань тоог 1,5 дахин нугалаад нэмэгдэж орж ирж буй нь эрсдэлт нөхцөл их байна гэж харагдаж байгаа юм.


Үүнийг би хоёр талаас харж байгаа, нэг талд нь хаалганы цаана буй хүчирхийллийг ил болгож байна. Ил байх ёстой асуудал далд хаалганы цаана байх тусам хүндэрч байдаг учраас ил болгох зорилгоо хэрэгжүүлж буй үзүүлэлт нөгөө талдаа үл хайхрах хүчирхийлэл, анхан шатны хэрэгцээгээ хангуулж чадахгүй байгаа учраас хүүхдүүд нэмэгдээд байгаа үзүүлэлт гэж дүгнэж байгаа.


Масс тоогоор нь бодоод үзэхэд 410 хүүхдийг хамгаалж буй бол цаана нь үлдсэн 20600 хүүхдийг хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм.

Манай хамт олон ярилцаж байгаад ерөнхий газартаа уламжилж буй бидний зорилго бол Хөгжсөн хүүхэд- Хамгаалагдсан орчин гэдэг урианд 2025 оныг зориулъя гэж байгаа.


Бид Булган аймгийн хүүхдүүд хөгжсөн хүүхдүүд шүү гэсэн хандлага оролцоог л бий болгох гээд байгаа юм. Үнэхээр хөгжсөн хүүхэд бол өөрийгөө хамгаалж чаддаг. Та миний биед хүрч болохгүй, надад ийм зүйл тохиолдлоо, би тийшээ мэдэгдэх ёстой, би үүнийг хийж болохгүй шүү, энэ надад хориотой гэх мэт хамгаалуулах эрхээ мэддэг өнцгөөс нь хөгжсөн хүүхэд гэдгийг харж байгаа, мэдээж урлаг, спорт, соёлын олон үйл ажиллагааг явуулна, үүнийг салбарынхан хийгээд л явна. Тэндээс хүүхдүүд мэдрэмж, чадамжийг олж авдаг.


2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 928 нийгмийн ажилтан сум бүр дээр хүүхэд, гэр бүл хариуцан ажиллах болсон.


-Саяхан Булган аймгийн ГБХХГ-ынхан бүх сумаа тойроод ирсэн. Суманд хүүхдийн асуудал ямар түвшинд байна вэ?

-Урд бүсийг Хүүхдийн эрхийн улсын байцаагч ахлаад, хойд бүсийг газрын дарга ахлаад 2 хэсэг болж бүх сумаараа тойроод ирлээ. Энэ ажлаар жилдээ 2 удаа явдаг. Энэ жилийн хувьд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулаад жаахан оройхон явсан. Ингэж явахдаа бид 4 чиглэлийн хүрээнд явсан юм.

-Сум сургуулийн хэмжээнд хүүхэд хамгааллын бодлого хөрсөн дээрээ хэрхэн хэрэгжиж байгаа,

-Бодлогын хэрэгжилтийг хангахад сум орон нутаг ажил төлөвлөсөн үү, төлөвлөсөн ажлынхаа хэдэн хувьд хүрсэн, үр дүн гарсан уу гэдгийг харах

-Хамтарсан багийн нарийн бичгийн дарга буюу сумын нийгмийн ажилтны кейс файлтай танилцаж зөвлөн чиглүүлэх. Сум орон нутагт байгаа хүүхдийн санал хүсэлт, хөгжил, хамгааллын чиглэлээр юу хийв, хүүхдэд үлдсэн өгөөж байна уу, цаашид энэ салбар хүүхдэд чиглэсэн юун дээр анхаарах ёстой гэдэг санал сонсож ажилласан Эрсдэлт бүлгийн хүүхдүүдийн хувийн хэргийг шинэчилсэн. Мөн гэрийн эргэлтүүдийг хийсэн.


-ГБХХГ хамт олон 2024 онд ямар ямар ажил хийв? 2025 онд ямар зорилготой ажиллах вэ?

-2024 он Булган аймгийн хүүхдүүдийн хувьд олз омог ихтэй арвин жил байсан. Хөгжил талаасаа гэвэл, Хүүхдийн жаргалант зуслан ашиглалтад орсон. Мөн хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн 12 байгууллага хамтран ажиллаж, хуучин барилгуудыг засварласан. Энэ жил Хүүхдийн жаргалант зусланд 200, Уран дөш зусланд 100 зуслангийн зуны хөтөлбөрт 300 хүүхдийг хамруулсан. 


Дараагийн нэг томоохон ажил нь хүүхэд болон насан хүрэгчдийг түр хамгаалах байрыг ашиглалтад оруулсан. Түр хамгаалах байр ашиглалтад орсноор гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа насанд хүрэгч, хүүхдийг цаг алдахгүй стандартын байранд тодорхой асуудал шийдвэрлэх хугацаанд байлгаж байгаа. Энэ байр маань нэг ээлждээ 12 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Жижүүртэй, нийгмийн ажилтантай, сэтгэл зүйчтэй, тогоочтой. Энэ онд давхардсан тоогоор 518 хоног хүнтэй байсан. 


Мөн НҮБ-ын Хүн амын сангаас 2024 онд улсын хэмжээнд 4 аймагт төсөл хэрэгжүүлж, 3 улирлын хүлэмжтэй болгож өгсөн. Энэ нь түр хамгаалах байраар үйлчлүүлж байгаа насанд хүрсэн иргэдийг амьдрах ухаанд сургах, тэднийг эрүүл аюулгүй ногоогоор хангах юм.


2025 он бол дээр дурдсан “Хөгжсөн хүүхэд хамгаалагдсан орчин” гэсэн уриандаа ихээхэн анхаарч, цогц хөтөлбөр, хамтын оролцоо, гэр бүлд чиглэсэн үйлчилгээг илүү түлхүү хийнэ.


Ирэх долоо хоногт бид төр, төрийн бус байгууллагынхантай хамтын ажиллагааны хэрэгцээгээ тодорхойлох чөлөөт уулзалтуудыг 7 хоногийн турш хийнэ.


-Хүүхдийн хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшилд хамгийн ойр байдаг таны хувьд эцэг эхчүүд, хүүхэд багачуудад юу хэлмээр байна?

-Аав, ээжүүд хүүхдээ сонсдог байгаасай гэж хүсдэг. 



















Холбоотой мэдээ