Ц.Нарантуяа: Ном унших нь үгийн баялагтай болохоос гадна төсөөлөн бодох чадварыг нэмэгдүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-01-09 19:58:58

Зуунмод, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Нийтийн номын сангийн хүүхдийн уншлагын танхимын номын санч Ц.Нарантуяатай ярилцлаа.

 

-Номын санч болсон түүхээсээ ярилцлагаа эхлүүлэх үү?

-Би Төв аймгийн нэгдүгээр арван жилийн сургуулийг төгсөөд, Улсын багшийн их сургуулийн Зураг, технологи, хөдөлмөрийн багш мэргэжлийг эзэмшсэн. Аавыг С.Цэенням, ээжийг Л.Нацагням гэдэг. Аав минь тухайн үеийнхээ аймгийн Соёлын хэлтсийн дарга, ээж төв эмийн санд жор найруулагчаар ажилладаг байв. Би төгсөөд багшаар ажиллаж байх үед аав минь соёлын салбарт оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Би ч өөрөө номыг шимтэн уншдаг хүн тул номын санч болох сонголтыг хийж 10 гаруй жил Төв аймгийн Нийтийн номын сандаа ажиллаж байна.

 

-Номтой холбоотой ажил эрхэлдэг хүний хувьд ном унших цаг их гардаг уу? Жилд хэдэн ном дунджаар уншдаг вэ?

-Ажлын цагаараа уншигчдадаа номоо хүргэх, номын тавиураа эмхэтгэж, янзлах гээд ажлууд их байдаг тул цайны цагаар 30 минут тогтмол ном уншихад зарцуулдаг. Гэртээ хариад ном уншаад суучихаараа номдоо хэт ороод шөнийн 3 цаг хүртэл уншчихаад байдаг. Роман их уншдаг болохоор жилд 30 гаруй ном уншдаг. Харин хүүхдийн номыг бол байнга уншиж хүүхдүүдэд санал болгодог.


-Ямар төрлийн зохиолыг голлон унших дуртай вэ? Унших номоо яаж сонгодог талаар хуваалцвал?

-Ихэвчлэн монгол зохиолчдын бичсэн уран зохиолын ном болон өөрийгөө хөгжүүлэх сэдэвтэй ном уншдаг. Өөрөө номын санч болохоор хүүхдүүд, насанд хүрэгчдийн хайж ирж байгаа номуудыг бас сонирхон унших дуртай. Гадаад зохиол орчуулгын зохиол учраас дэлгэрүүлчихсэн, нурших маягтай байдаг. Иймд эх хэлээрээ уран яруу, баялаг үгийн сантай, тансаг илэрхийлэмжтэй монгол зохиолчдынхоо номыг илүү сонгон уншдаг.


-Таны амьдралд өөрчлөлт авч ирсэн ном байдаг уу?

-Би өөрөө их сониуч төрлийн хүн. Ийм ч учраас гар урлал, нэхмэл, цаасан урлал гээд олон зүйлсийг суралцсаар ирсэн.


Сүүлийн өдрүүдэд хувь хүний хөгжлийн тухай номд дурлаад байгаа. Гурван өдрийн турш зохиолч Питер Ф.Дракер, Иосеф Макиариеллогийн бичсэн “Өдөр бүр дракертай хамт” гэх номыг уншиж байна. Харилцаа, хандлага, хамт олны уур амьсгал зэрэг хэрэгтэй зүйлсийг тэмдэглэж аваад амьдрал дээр хэрэгжүүлэхийг чухалчилдаг.  

Тухайлбал, тус номд хүнийг чадахгүй зүйлд нь хүчлэхээс илүү, хүсэж байгаа, хамгийн сайн чадаж байгаа зүйлийг нь анзаараад, түүнд тохирсон ажил өгвөл илүү үр дүнтэй, хариуцлагатай байдаг талаар өгүүлдэг.


-Оюун санаанаас тань гардаггүй ямар ном байдаг вэ?  

-Арван жилийн сурагч байх үед Владимир Афанасьевич Обручев зохиолчийн бичсэн дэлхийн сонгодог зохиол “Санниковын газар” гэх роман сэтгэлээс гардаггүй юм. Тухайн үед тийм зөгнөлт төрлийн, хүн гөрөөс зэрэгтэй ном их ховор байсан. Тухайн үедээ шунан дурлаж уншчихаад ангийнхандаа ярьж өгч гайхшруулж байж билээ.


-Номыг шимтэн уншиж эхэлсэн үе тань их эрт байх тийм ээ? Та номыг яаж уншдаг төрлийн хүн бэ? Мөн ном унших нь ямар давуу талтай гэж боддог вэ?

-Хожуу буюу 15 настайгаасаа номыг шимтэн уншиж эхэлсэн. Аав, ээж, багшдаа загнуулаад л нуугдаж их уншина. Ариун цэврийн өрөөндөө, харанхуй болчихвол лаа асааж байгаад л, сүүлд бол асаагуурын гэрлээр ном, сонин их уншдаг байв.


Чухал гэж бодсон өгүүлбэрүүдийг тэмдэглэж, уран зохиолын ном, романыг бол цааш нь хөгжүүлээд, төсөөлөн бодож уншдаг. Хувь хүний хөгжлийн номоос бол санаа авах зүйлээ авна.  


Ном унших нь үгийн баялагтай болохоос гадна төсөөлөн бодох чадварыг нэмэгдүүлдэг. Мөн үгсийг нүдэлж тогтоосноор зөв бичих дүрэмдээ сайн болдог гэж боддог.


-Өөрийн дуртай номоо бусад хүмүүст санал болговол?

-Б.Дэлгэрцэцэг зохиолчийн “Цэцгэн хэлхээ” гэх 3 цуврал бий. Энэхүү ном нь гурван үе тэнгийн найз бүсгүйчүүдийн тухай өгүүлдэг бөгөөд амьдралд тохиолдох зовлон бэрхшээлийг яаж даван туулдаг талаар гардаг. Хүн амьдралдаа заяаныхаа ханийг зөв сонгохгүй бол болохгүй юм байна гэдэг сургамж хайрласан зохиол байсан. Уншаад суухад уйдахгүйгээр барамгүй уйлмаар, ухаармаар, бахархмаар мэдрэмжүүд их төрсөн. Мөн Б. Сарантуяа зохиолчийн номууд, Д.Төрбат зохиолчийн түүхэн романуудыг уншаад үзэхэд цаг хугацаагаа хий хоосон алдсан мэт огт санагдахгүй байх гэж бодож байна.  


-Хэрвээ та энэ цаг мөчид зохиол бичиж эхлэх шаардлагатай болбол ямар зохиол бичих байсан бэ?

-Би өөрийнхөө амьдралын гол дүр нь учраас туулсан амьдралаа уран сэтгэмжээр илэрхийлсэн тууж бичих байсан.


-Техник технологийн асар өндөр, хурдтай өсөлт хөгжлөөс хамааран номын санд ном унших хүмүүс цөөн байна уу?

-Хүүхдүүд ном уншихаар номын санд ирдэг нь сайшаалтай  хэдий ч номоо 30 минут харчихаад бусад үед нь утсаа үзэх тохиолдлууд элбэг. Энэ нь чанаргүй ном уншилт болж байгаа юм. Мөн гадаад зохиолууд ихэвчлэн кино болсон, зарим сонгодог зохиолууд ярианы хэлбэрээр хүмүүст хүрчихэж байгаа учраас ном унших хүүхдүүд их ховор болсон. Иймд нэгэнт л хүмүүс ном уншихаар номын санг зориод ирсэн бол гар утсаа түр цүнхэндээ хийгээд цагаа чанартай өнгөрүүлээсэй хэмээн хүсдэг.

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ