БАЯНХОНГОР: Дөрвөн насны ангилалд 150 шатарчин өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд "Цодгор хүү - 2025" өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг Баянхонгор суманд зохион байгууллаа.
Монгол Улсын аварга, спортын мастер Монголын хүүхдийн ордны шатрын багш Нямаагийн Төрбат агсны нэрэмжит тус тэмцээнд найман сумын ерөнхий боловсролын 12 сургууль, 5 клубийн 5-11 насны 150 шилдэг шатарчин 4 насны ангилалд швейцар системээр 5-8 өрөг тоглож, оюун ухаанаа уралдуулан өрсөлдөв.
Шатрын спортыг сонгон суралцаж буй сурагчдын авьяасыг нээн хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нь сайжруулах, улс, тивийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилготойгоор тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ удаагийн “Цодгор хүү-2025” тэмцээнийг аймгийн Шатрын холбоо, Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Номундалай ерөнхий боловсролын сургуультай хамтран зохион байгууллаа.