БУЛГАН: Чадраабал бурхны ясан ордны уран хийц, нарийн сийлбэрийг музейн үзэгчид ихэд биширдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2025 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Дайчин вангийн хүрээнд XIX зууны эхэн үед амьдарч байсан дархан Ням (одоогийн Дашинчилэн сумын харьяат) Чадраабал бурхныг уран сайхны хийцтэй сийлбэрлэн бүтээсэн нь аймгийн музейд 1974 оноос хойш хадгалагдаж байна.
Монгол урлаачдын XVII-XX зууны үед бурхан шашны сүм хийд, сүсэгтэн олны хэрэглээнд зориулан урласан, шашны зан үйлтэй холбогдолтой 39 см өндөр, 18.6 см өргөн, 40 см урт, 2.125 гр жинтэй бүтээгдсэн нэн ховор урлагийн бүтээлүүдийн нэг юм.
Аливаа муу үйлийг үйлдвэл бурхны оронд очиж янз бүрийн цээрлэлийг хүлээнэ гэсэн утга агуулгатай модон сийлбэр аж.
Үүнийг бүтээхэд модон сийлбэр болон цаасан шуумал хосолмол аргаар бүтээж шороон будгаар будаж, цэвэр нухмал алтаар чимэглэжээ.
Булган аймгийн Дашчойнхорлон хийдийн Бурханч лам Д.Алтансүх тайлбарлахдаа, Чадраабал бурхны ясан ордны баганыг ташаагаа тулсан хүний араг ясаар дээврийг мөн хүний араг ясаар бүрж, цус урсгасан байдалтайгаар дээвэрлэж, зээбадыг алтан унжлага, манжлагаар хийсэн, дээврийн орой хэсэгт модон очир, очрын хоёр талд 2 хэрээ шувуу хүний нүдийг зуусан байдалтайгаар мөн хүний уушги, зүрх, элэг зэргээр чимэг болгон тус тус хийжээ. Ордон доторх хилэн ихт араа шүд нь яралзсан, хэлээ зүүн тийш унжуулсан баавгай хөлөглөжээ.
Чадраабал бурхан нь их догшин дүртэй, хилэнтэй гурван мэлмийтэй, баруун гартаа алмааз очир чимэглэлтэй сүх барьсан зүүн гартаа цусаар дүүрсэн тодво буюу гавал аягатай зүйл барьж, баруун хөлөө жийгээд, зүүн хөлөө хумьсан, дээгүүрээ хүний арьсан тодво нөмөрч, барын арьсан шантав өмссөн, хүний арьсан дэвсгэртэй. Мөн дээгүүрээ 5 өнгийн хүний гавлын ясаар тэргүүнээ чимсэн, үс нь гал мэт бадамлан асаж байгаа улбар шар өнгөтэй, хөмсөг нь мөн гал мэт төөнөсөн улбар шар өнгөтэй.
Урьд талд нь байгаа бурхан бол Чадраабал бурхны бас нэг нөхөр нь бөгөөд догшин хилэнцэт дүртэй, 3 мэлмийтэй, хар хөх өнгийн лагшинтай, дээгүүрээ хар өнгийн нөмрөг нөмөрсөн, баруун гартаа очир цалам барьж, зүүн гартаа цусаар дүүрсэн гавал барьж, доод талаараа тэрсүүдийг дарсан дүртэй бад суурин дээр байна.
Доод талынх нь суурь нь Сүмбэр уулыг бэлгэдсэн бөгөөд Чадраабал бурхны өөрийнх нь хэрэглэдэг их бүрээ, цан, бишгүүр, ганлин, хуяг эд хэрэглэлүүдийг өрсөн байна. Мөн ширээн дээр нь хонх, очир, бумба, дамар, тодво зэрэг номын үйлд хэрэглэдэг ёжид буюу ламын хэрэгсэл байна. Бараан өнгөтэй таван хошуу мал, зэр зэвсэг агссан баатар байна" гэжээ.
Байгалийн уул, үүл, хад, урсгал ус, ан амьтан, хаан бугуйвч, хатан сүйх, таван нүдэн хээ, төрийн долоон эрдэнийн нэг хорол, 2 талын уулан дээр арслан барсын дүрсийг уран нарийнаар сийлжээ.
Жараад жилийн өмнө бүтээсэн Чадраабал бурхны ясан ордны гайхамшигтай сийлбэрийн учир тайллыг Орон нутаг судлах музейн Боловсролын ажилтан Монгол улсын зөвлөх багш Ж.Ганбат ярилаа.
Угтаа Чадраабал бурхан нь хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэх, амьтдыг хорлоод байгаа элдэв муу санаатыг дарж, номхотгодог бурхан учраас тахин шүтсээр ирсэн байна. Чадраабал бурхан нь 10 хангал хэмээх догшин бурхад байдаг ба шашныг сахин хамгаална гэсэн тангарагтай аж.