БАЯНХОНГОР: Хүүхдийн хоолны салбарынхны мэдлэгийг бататгах сургалтад 100 гаруй тогооч хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. "Эрүүл монгол хүн" үндэсний хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нийтийн хоол хариуцсан тогооч нарын мэдлэг мэдээллийг бататгах сургалтыг Баянхонгор суманд зохион байгуулж байна.
Хүүхдийн хоол үйлдвэрлэлийн зарчим, дадлага, эрүүл ахуйн менежментийн сэдвээрх тус сургалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд хүүхдийн хоолны салбарын 117 тогооч хамрагдаж байна.
Тогооч, хоол зүйч нарт шим тэжээлтэй, аюулгүй, амт чанартай хоолоор цэсээ баяжуулах, хоолны чанарыг сайжруулах, тогооч нарын мэргэжлийн ур чадварыг дэмжих зорилготой сургалтыг онол, дадлага хослуулан хийж буй. Сургалтыг өнгөрсөн жилүүдэд бэлтгэгдсэн Баянхонгор аймгийн хоол зүйч нар, Боловсролын газрын хоол үйлдвэрлэлийн мэргэжилтний удирдлаган дор зохион байгуулж байна.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга В.Наранчимэг, Боловсролын газрын дарга Ж.Алтанцэцэг нар оролцож хүүхдүүдийн хоолны чанар шим тэжээл, аюулгүй байдал, тогооч нарын чадвар, сэтгэл зүтгэлтэй шууд холбоотой хамгийн чухал ажил болохыг онцолж, амжилт хүсэв.
"Эрүүл монгол хүн" үндэсний хөтөлбөр, БШУЯ-ны хүүхдийн хоол үйлдвэрлэлийн тогооч нарын ажил мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилт Баянхонгор аймагт амжилттай хэрэгжиж байна. Энэ хүрээнд боловсролын байгууллагын эмч, хоол үйлдвэрлэлийн ажилтнуудын мэдлэгийг дээшлүүлэх, цэцэрлэг болон ЕБС-ийн хоол, шим тэжээлийн байдлыг сайжруулах шат дараатай сургалтыг тогтмолжуулснаас гадна сурагчдын биеийн жингийн индекс /БЖИ/, цэцэрлэгийн хүүхдийн биеийн өсөлт хөгжилтийг үнэлэх, хоол тэжээлээс хамааралт эмгэг үүсэх эрсдэлийг тодорхойлж, илүүдэл жин, таргалалтын тархалтыг тодорхойлох, салбар дундын уялдаа холбоог сайжруулах сургалт мэдээллийг цогцоор олгоход анхаарч байна.