Ц.Одмаа: Сурагч байхад номын санд суудал олдсон өдөр хамгийн азтай өдөр байдаг байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-01-15 11:09:59

Булган, 2025 оны нэгдүгээр сарын 15  /МОНЦАМЭ/Нийтийн номын сангийн шилдэг номын санч Ц.Одмаатай ярилцлаа. Тэрбээр Гэр бүлийн уншлагын танхимын номын санчаар ажилладаг. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад очиж өглөөний уншлага, Ерөнхий боловсролын сургуулийн хамт олонд Бүтээлч уншлага, айлуудад зөөврийн уншлага зэргийг тогтмол явуулж хэвшжээ. 


-Номын сан Булган аймгийн нийт иргэн, айл бүрд хүрч үйлчилж чадаж байгаа юу?

-Зөвхөн манай танхим гэхэд албан байгууллага, аж ахуйн нэгжид Өглөөний уншлага, айлуудад зөөврийн уншлага зохион байгуулахаас гадна сургуулийн анги бүрд "Бүтээлч уншлага" аяныг жил бүр явуулдаг. Зорилтот уншигчаас гадна соёл олон түмний ажлаар дамжуулаад Булган сумын өрхийн 80 хувьд хүрч үйлчилж чаддаг. Аймгийн хэмжээнд Нийтийн номын сангаас 6 танхим үйлчилдэг, дээр нь сум бүрийн Соёлын төвийн дэргэдэх номын сан, ЕБС-ийн номын сан ажиллаж байгаа тул хүртээмж нь хангалттай байгаа.


-Өглөөний уншлагад байгууллага, иргэд хэрхэн оролцож байна вэ?

-Аймгийн аль ч байгууллага өглөөний уншлагыг маш таатай хүлээн авч, идэвхтэй оролцдог. Тэр дундаа цэцэрлэгийнхэн маш идэвхтэй байдаг. 

 

-Ямар насныхан, аль салбарынхан илүү их уншдаг вэ?

-Гэр бүлийн уншлагын танхимаар малчид түлхүү үйлчлүүлж байна. Тэд хамгийн үнэнч бас хариуцлагатай байдаг. Малчдын  ойр нь 5 км, хол нь 240 км алслагдмал байдаг ч ном өгөх хугацаандаа өөрөө ирэх боломжгүй бол айл хөршийнхөө хүнээр дамжуулаад өгөөд бас аваад уншдаг. Насны хувьд бол 40-өөс дээш насныхан их уншдаг.


-Ямар номуудыг илүү уншдаг вэ?

-Уран зохиолын болон түүхийн холбогдол бүхий номуудыг л уншдаг даа.


-Жилд соёлын ажил хэр зохион байгуулж, хэдэн уншигч, аж ахуйн нэгж оролцдог вэ?

-Манай заалнаас гэхэд л 3000 гаруй уншигчид зургаан соёл олон түмний ажил зохион байгуулсан. 


-Таны ажлын ачаалал хэр байдаг вэ?

-Би энэ жил 3200 уншигчид 2800 орчим номоор үйлчилсэн байна. Манайх гэр бүлийн уншлагын танхим учраас иргэд гэр бүлээрээ ирж унших дуртай, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаар Өглөөний уншлага хийдэг. Өнгөрсөн жилийн үр дүнгээр Өглөөний уншлага аянд төрийн байгууллагуудаас 3-р цэцэрлэг, хувийн хэвшлийн байгууллагуудаас Ханжаргалант худалдааны төв шалгарсан.

 

-Та жилд хэдэн удаа байхгүй мэдэхгүй гэж үйлчлүүлэгчдэдээ хэлж байв. Татгалзлын дэвтэрт хэчнээн бүртгэл нээв?

-Байхгүй мэдэхгүй гэдэг үгийг огт хэлж байгаагүй өөрийн танхимд байхгүй бол бусад танхимаас, бусад аймгийн болон Үндэсний номын сангаас цахим сүлжээгээр олоод өгөх боломж нээлттэй байдаг. Татгалзалд бүртгэгдсэн номыг тухай бүр фонд баяжилт хийж авахыг хичээдэг. Нэн ховор ном манайд байхгүй бол хаанаас авч болох арга замыг нь зааж чиглүүлж өгдөг.


-Таны ажил мэргэжлийн талаар ярилцвал?

-Миний мэргэжил үнэхээр сайхан. Бүх насныхан номын сангаар үйлчлүүлдэг. Баярлалаа гялайлаа гэсэн урмын үгээр өдөр бүр тэтгэгдэж байдаг хүний амьдралд дандаа аз жаргал, ухаарал хайрладаг энэ салбарт ажиллаж байгаадаа баяртай байдаг.


-Иргэд ном уншихад номын санч хэрхэн нөлөөлдөг вэ?

-Бид уншигчийнхаа хэрэгцээ шаардлага, үзэл бодол, сэтгэлзүйн байдлыг мэдрэхийг хичээдэг. Тэдэнтэй илүү сайн ойлголцож юу хүсэж байгаа, ирээдүйд юу төлөвлөсөн гэх мэт асуултууд тавьж нээлттэй ярилцаад, тохирох номыг нь олж өгч чадвал тэдний номд дурлан унших замыг нь нээлээ гэж боддог.


-Та багадаа ном хэр уншдаг хүүхэд байв?

-Би Булган аймгийн Булган сумын нэгдүгээр арван жилийн сургуулийг төгссөн. Намайг төгсөх 2004 оны үед номын санд суудал олддоггүй байсан. Сургуулийн номын сан болон нийтийн уншлагын танхимд суудал олж авсан өдөр хамгийн азтай өдөр байдаг тийм их ачаалалтай байлаа.


-Өнөөдөр номын сангийн суудал хэдэн удаа бүтэн эргэж байна вэ?

-Хүүхдийн болон нийтийн заал өнөөдөр ч ачаалал ихтэй, өдөртөө гурваас дээш эргэдэг. Өөрөө хэлбэл 3 удаа дүүрдэг гэсэн үг.


-Ажлын байрандаа сурч хөгжих мэргэжил боловсролоо дээшлүүлэх боломж байдаг уу?

-Бид ажлын байрандаа сурах таатай орчинд ажилладаг. Манай хамт олон нийтээрээ сурч хөгжихөд илүү хамтарч чаддаг гэж боддог. Өнгөрсөн жилээс хойд бүсийн номын санч нарын бүсчилсэн хөгжлийн 3 сургалт авсан, 21 аймгийн номын сангаар аялаад тэндээс суралцаж туршлага судалсан, ажлын байрандаа хуулийн сургалтад тогтмол хамрагддаг гэх мэт уншигч үйлчлүүлэгчдээсээ нэг алхмын урд явахыг үргэлж эрхэмлэдэг.


-Аймгийн номын сан хэрхэн хөгжиж өөрчлөгдөж байна вэ?

-Би 2020 оноос ажилдаа орсон. Богинохон хугацаа боловч энэ цаг үед тодорхой дэвшилттэй яваа. Өнөөдөр түүхт 70 жилийнхээ ойн босгон дээр орчин үеийн уншигчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ барилгаа хүлээн аваад байна.


-Булган аймгийнхаа он жилийн түүх, соёлын баримтыг үзье гэвэл танайд орон нутгийн холбогдолтой ном бүтээлийн фонд архив бий юу?

-Орон нутгийн зохиолчдын бүтээл, түүх соёлтой холбогдох ном, эмхэтгэл, сонин хэвлэлүүд байгаа. Мөн цахим лавлагаа байна.


Холбоотой мэдээ