БАЯНХОНГОР: Гурванбулаг сум улсын хэмжээнд хамгийн зузаан 22 см цастай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-22 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Баянхонгорын Гурванбулагт 22 см цасан бүрхүүл тогтоод байна.
Баянхонгор аймгийн Гурванбулаг сум 665 өрхийн 2221 хүн амтай, жилийн эцсийн мал тооллогоор 116.880 толгой мал тоолуулсан. Малтай өрхийн тоо 572 бол 426 малчин өрхөд 737 малчин бүртгэгдсэн байна. Нийт малчдын 56.9 хувь нь эрэгтэй, 43.1 хувь нь эмэгтэй бөгөөд 16-34 насны малчин 25.7 хувь, 35-59 насны малчин 59.2, 60-аас дээш насны малчин 14.9 хувийг эзэлдэг.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг Гурванбулаг сумын Засаг даргын орлогч Д.Болд-Аюушаас тодруулахад,
"Сум нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй байна. Тал газраа 20-30 см, ууландаа 30-40 см, гуу жалгандаа 70 см хүртэл цастай, мал хамар хатгах өвсгүй өвөлжилт хүндэрч байна. Одоо сумын нөөцөд 4000 боодол өвс, 25.1 тонн улаан хивэг байгаа. Аймгаас ногоон тэжээл 1000 боодол ачигдсан, замын нөхцөл байдлаас шалтгаалан замдаа хоёр хоног болж байгаа ч Жаргалант хөндийн даваанд саатаж одоо хэр нь ирээгүй байна. Шар усан даваа, Тээлийн даваа мөн цасаар хучигдсан, автомашин явахад хүндрэлтэй байгаа тул малчидтайгаа утсаар холбогдон нөхцөл байдлын мэдээллийг авч байна. Сумын таван багийн мэдээлэл бүрэн нэгтгэгдээгүй, эхний багийн мэдээллээр 64 бод мал хорогдоод байгаа мэдээлэл бүртгэгдлээ. Сумын ЗДТГ-аас ажлын хэсэг гарч бүх багуудад ажиллаж эхэлсэн" гэлээ.
Тус сум Улаанбаатар хотоос 924, аймгийн төвөөс 245 км алслагдсан хангайн бүсэд оршдог. Аймгийн төвөөс дан шороон замаар явж хүрнэ.
Гурванбулаг сумын тухайд, эрс тэрс уур амьсгалтай нутаг бөгөөд жилийн 306 хоногт хасах градустай байдаг. Зун нь сэрүүн, богино болдог. Хоногийн болон улирлын агаарын температурын хэлбэлзэл ихтэй. Олон жилийн дунджаар агаарын температур -4 градус ба дулааны улирал буюу IV-X сард +6.1 градус хүрдэг, салхи жилдээ 50-60 өдөр тохиолддог. Агаарын хамгийн дулаан жилдээ 20-23.6 градус дулаан, агаарын хамгийн хүйтэн температур 49.7-50.2 хүртэл хүйтэрдэг байна.
Ташрамд, Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан нутгийн олондоо туслах "Нутаг сэтгэл" хандивын тоглолтыг МУСТА Н.Баасандорж, МУСТА Н.Буяндэлгэр нар хамтран зохион байгуулахаар болжээ. Тоглолт энэ сарын 18-нд 13:00 цагаас МҮЭСТО-д болох бөгөөд орлогыг Гурванбулаг сумынхаа малчдад хандивлах юм.