УВС: Хил давсан мал хүлээлцэх комиссын хоёр талын уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУлаангом, 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Бэлчээрээр болон хулгайгайгаар хил давсан малыг эрэн
хайх, хүлээлцэх ажлыг зохион байгуулах улс, бүсийг хариуцсан комиссын
бүрэлдэхүүний танилцах ажил хэргийн уулзалт энэ сарын
13-нд боллоо.
Хилийн цэргийн 0311 дүгээр ангиас Зүүнговь сумын Тохойн застав
дээр зохион байгуулсан тус уулзалтад ОХУ-ын Тува талаас 10 гаруй төлөөлөгч
ирсэн бол Монгол талаас Тэс, Зүүнговь сумын Засаг дарга тэргүүтэй 10 гаруй хүн
оролцжээ.
Он гарсаар Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгийн
Тэс талаар 5 тооны адуу бэлчээрээр хил давж орж ирснийг тухайн үед нь ОХУ-ын
Тува талд хүлээлгэн өгсөн байна. Харин Монгол талаас тус хэсгээр хил давуулан бэлчээрээр
болон хулгайд алдсан мал одоогоор байхгүй байгаа юм.
Бэлчээрээр болон хулгайгаар хил давсан малыг эрэн хайх, хүлээлцэх комисс нь хилийн сумдын Засаг дарга, Орлогч дарга, Тамгын газрын дарга, Мал эмнэлгийн тасгийн дарга, хэсгийн төлөөлөгч гэсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг байна.