БУЛГАН: Алтан тамгат дархны бичигт хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-01-16 11:26:12

Булган, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Могод сумын Хөл асгатын Алтан тамгат дархны бичигт хөшөө нь сумын төвөөс урд зүгт 32 км, Улаанбаатар хотоос 302 км зайтай хавтгайлан зассан боржин чулуун дээр 3 хүн, шонхор шувуу дүрсэлсэн түрэг бичээстэй тахилын онгон бий.


Энэхүү Түрэгийн үеийн цогцолбор дурсгалыг шинжлэх ухаанд Хөл асгатын гэх нэрээр оржээ.


Хөл Асгатын хэмээх энэ дурсгалыг анх Оросын эрдэмтэн Н.М.Ядринцев 1891 онд олж судлах ажлыг эхлүүлсэн бөгөөд дараа нь В.В.Радлов‚ Х.Н.Орхун‚ Е.С.Малов‚ Н.Сэр-Оджав, Л.Болд‚ В.Е.Волков‚ Ц.Баттулга зэрэг гадаад, дотоодын олон эрдэмтэн судалжээ.


Дурсгалд зэрэгцэн сууж байгаа гурван хүний дүрсийг товойлгон сийлж, дунд талын хүнийг эгц урдаас нь харуулж завилан суугаа, захын хоёр хүнийг ташуу байдалтай, сөхрөн сууж байгаагаар дүрсэлжээ. Гурвуул гозгор оройтой, түрэгийн хөшөө дурсгалд элбэг тохиолддог малгайтай, баруун гартаа ваар сав барьсан байна. Зурагт хавтангийн зүүн дээд өнцөгт янгир тамга, түүний дээр сууж байгаа шонхор шувууны дүрс, дээгүүр нь нэг мөр руни бичээсийг хурц үзүүртэй зүйлээр сийлж бичжээ.


Эрдэмтдийн тайлж уншсанаар бичээс  “Алтан тамган дархан, түүний хоёр хүү Торгул, Иелек нарын нас нөхчсөнд зориулан Алтан тамган дархны дүү Текеш Куль-Тудун гэгч босгосон” гэх утгатай ажээ гэж түүхч Э.Жигмэддорж бичжээ.

Дархан гэдэг цолтой байсны учир нь эрх тушаалын тэмдэг болгож алтан зэв авч явах учир ийнхүү “Алтан тамган дархан” гэдэг нэр цолыг хүртсэн аж. 



Холбоотой мэдээ