ДУНДГОВЬ: “Талын гэгээ эрдэмтэд” ТББ-тай хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-ын мэдээлснээр аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнчулуун, Засаг дарга С.Мөнхчулуун нар эрдэмтэн, судлаачдын “Талын гэгээ эрдэмтэд” ТББ-ын төлөөлөлтэй Улаанбаатар хотноо уулзаж, хамтран ажиллах тухай санал солилцжээ.
Шинэ оны босгон дээр тус аймгаас төрөн гарсан эрдэмтэн, судлаачид нутгийнхаа
хөгжилд хувь нэмрээ оруулах, залуу судлаачдыг дэмжих, боловсрол, соёл, шинжлэх
ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зорилгоор “Талын
гэгээ эрдэмтэд” ТББ байгуулсан юм. Тус аймгаас төрөн гарсан 200 гаруй эрдэмтэн,
судлаач байдаг гэсэн судалгаа буй.
ТББ-ын гүйцэтгэх захирал, доктор С.Батцоож, Удирдах
Зөвлөлийн дарга, доктор, дэд профессор Д.Болормаа, нарийн бичгийн дарга
Ц.Цэлхагарав, Удирдах Зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн,
доктор Н.Тогтох, доктор, дэд профессор Ч.Болдбаатар, О.Дэмчигмаа,
Д.Хатанбаатар, Доктор Э.Мөнхсоёл нарын бүрэлдэхүүнтэй эрдэмтдийн төлөөлөл
уулзалтын үеэр байгууллагынхаа зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулж, Дундговь
аймгийн хөгжлийн төлөө хэрхэн хамтран ажиллах талаар ярилцжээ.
Түүнчлэн салбар, салбарын эрдэмтэн судлаачдын судалгааны
үр дүнг Дундговь аймгийн хөгжлийн бодлого боловсруулахад ашиглах, хөгжлийн
зарим шийдлүүдийг аймгийн бодлого, төлөвлөлтөд тусгах, боловсрол, соёл, шинжлэх
ухааны чиглэлээр хамтран ажиллах боломжууд байгааг тэд танилцуулсан байна.
Аймгийн удирдлагуудын зүгээс саналыг нааштайгаар хүлээн авч, аймаг, орон нутгийн хөгжилд эрдэмтэн судлаачдын оролцоо, санал санаачилга, тэдний судалгаа шинжилгээний ажлын үр дүн нэн чухал болохыг онцлон тэмдэглээд урт хугацаанд, үр дүнтэй хамтран ажиллахаа илэрхийлжээ.