Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНХЭФЭЙ. 2025 оны нэгдүгээр сарын 21 /Xinhuа/. Хятадын “хиймэл нар” гэгддэг “EAST” туршилтын реакторын төхөөрөмж /хэт дамжуулагч токамак/ 1066 секундийн турш хэт өндөр хэмд плазмыг тогтоон барьж чадсан нь дээд амжилт болжээ.
Плазмыг хэт дамжуулагч токамакт 1000 секундийн турш тогтоон барих нь халуун цөмийн реакторыг хөгжүүлэхэд чухал алхам боллоо гэж тооцдог. Хятадын Шинжлэх ухааны академийн Плазмын физикийн хүрээлэнгийн (ASIPP) ажилтнуудын хийсэн туршилт нь 2023 онд тогтоосон, дэлхийд анхных болох 403 секундийн дээд амжилтыг эрс ахиулжээ.
Хэфэй хот дахь тус хүрээлэнд /ASIPP/ байгаа энэхүү “хиймэл нар”-ыг бүтээсний эцсийн зорилго нь далайд элбэг тохиолддог хүнд устөрөгч дейтерийг ашиглан Наран дээр явагддагтай адил халуун цөмийн урвал үүсгэх явдал бөгөөд ингэснээр хязгааргүй эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно гэж физикчид найдаж байна.
"EAST" реакторын төхөөрөмж нь 2006 онд ашиглалтад орсноосоо хойш Хятад болон гадаадын эрдэмтдийн халуун цөмийн синтезтэй холбоотой туршилт, судалгаа явуулах нээлттэй талбар болоод байгаа юм.