Н.Жокович 50 дахь удаагаа хагас шигшээд шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-01-22 10:15:18

СИДНЕЙ, 2025 оны нэгдүгээр сарын 22 /ТАСС/. Мельбурн хотноо болж буй Австралийн аварга шалгаруулах Нээлттэй тэмцээний шөвгийн наймын тоглолтод Сербийн теннисчин Новак Жокович Испанийн тамирчин Карлос Алькарасыг хожсоноор хагас шигшээд шалгарлаа.


Дэлхийн чансааны 7-д бичигдэж буй Жокович гуравдугаарт жагсаж буй Алькарасыг 4:6, 6:4, 6:3, 6:4 харьцаагаар буулган авсан байна. Тэрбээр Их дуулгын тэмцээнүүдийн хагас шигшээд 50 дахь удаагаа шалгарсан нь энэ бөгөөд одоо чансааны 2 номер болох Германы теннисчин Александр Зверевтэй тоглоно.  


Хамгийн сүүлд Жокович, Алькарас хоёр Парис-2024 Олимпын наадмын финалд өрсөлдөж, 7:6 (7:3), 7:6 (7:2) гэсэн харьцаагаар Жокович хожсон билээ. Хоорондын тоглолтын харьцаагаар Сербийн теннисчин 5:3-аар илүүрхэж байна.  


Өдгөө 37 настай Жокович дэлхийн чансааны 7 дугаарт бичигдэж байна. Тэрбээр Мэргэжлийн теннисчдийн холбооны /АТР/ ивээл дор болдог тэмцээнүүдэд 99 удаа, тэдгээрийн дотор Их дуулгын тэмцээнүүдэд 24 удаа түрүүлээд байгаа нь эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хувьд дээд амжилт юм. Тэрбээр мөн Парисын Олимпын аварга, 2008 оны Олимпын хүрэл медальт, 2010 оны Дэвисийн цомын эзэн билээ. Түүнчлэн дэлхийн чансааг 428 долоо хоногийн турш тэргүүлж байсан нь үнэмлэхүй дээд амжилт болж байна.


Өдгөө 21 настай Алькарас дэлхийн чансааны гуравдугаарт бичигдэж байгаа бөгөөд ATP-ийн ивээл дор болдог тэмцээнүүдэд 16 удаа түрүүлжээ.


Австралийн Нээлттэй тэмцээн /шагналын сан 59,7 сая ам.доллар/ бол энэ улирлын хамгийн эхний тэмцээн бөгөөд хатуу хучилттай талбайд явагдаж байна. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн 26-ны өдөр дуусна.  

Холбоотой мэдээ