ДУНДГОВЬ: Гэмт хэргийн улмаас 263 хүн хохирч, 6 хүн нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагдаагийн газрын мэдээгээр 2024 онд тус
аймагт гэмт хэргийн улмаас 6 хүн нас барж, 263 иргэн хохирч, 181 хүн гэмтжээ.
Энэ хугацаанд аймгийн Цагдаагийн газарт иргэн, хуулийн
этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1798 гомдол, мэдээлэл хүлээн авч
шалгаснаас 282 гэмт хэрэг бүртгэгджээ. Нийт гэмт хэргийн 45 хувийг согтуугаар,
8.5 хувийг эмэгтэй хүн оролцсон, 14.9 хувийг гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 2.1
хувийг хүүхэд оролцсон, 9.9 хувийг цахим орчинд үйлдсэн, 1.8 хувийг бүлэглэн
үйлдсэн гэмт хэрэг эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад тус аймгийн
хэмжээнд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон хүнийг санаатай
алах, хүчиндэх, хүрээлэн байгаа орчны эсрэг, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн
хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн, малын хулгай, хүнийг амиа хорлох нөхцөл
байдалд хүргэх зэрэг гэмт хэрэг өссөн бол залилан, хулгай, дээрмийн гэмт
хэрэг буурсан байна. Гэмт хэрэгт нийт 234 хүн холбогдон шалгуулжээ.
Жилийн эцсийн байдлаар 22699 зөрчил шалгаж, зөрчил
гаргасан 22184 иргэнийг 1058.2 сая төгрөгөөр торгосон байна. Үүнээс тээврийн
хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэргээр 335
хүнийг торгон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, 120 хүнд баривчлах,
58 хүнд саатуулах шийтгэл тус тус ногдуулжээ. Эрүүлжүүлэгдсэн хүний тоо өмнөх
оны мөн үеийнхээс 30.2 хувиар буурсан байна.