Озэки Хоошёорюү С.Бямбасүрэн мэргэжлийн сумогийн монгол бөхчүүдийн 103 дахь түрүүг авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Японы нийслэл Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сумо бөхийн 2025 оны эхний тэмцээн буюу Хацү башё 15 өдөр өрнөж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Монголын сумоч, залуу озеки Хоошёорюү С.Бямбасүрэн 12 даваа, гурван унаатайгаар түрүүлж, Японы эзэн хааны цомыг хоёр дахиа гардлаа. С.Бямбасүрэн Хацү башёгийн сүүлчийн өдөр түрүү булаалдахын төлөө хоёр нэмэлт барилдаан хийсэн бөгөөд Казахстаны сумоч Кинбозан, их аварга Тайхогийн зээ хүү Оохо нарыг давсан юм. Мэргэжлийн сумод монгол бөхчүүд хөл тавьснаас хойш 23 жилийн хугацаанд 103 дахь түрүүгээ хүртэж байна. Энэ түрүү нь озэки Хоошёорюү С.Бямбасүрэнгийнх болов. Түүний ёкозүна болох эсэхийг Мэргэжлийн сумо бөхийн Удирдах зөвлөл болон Ёкозүнагийн зөвлөл шийдвэрлэнэ.
Хэрэв тус зөвлөлөөс дэмжвэл Хоошёорюү С.Бямбасүрэн мэргэжлийн сумогийн 74, Монголоос төрөн гарсан зургаа дахь ёкозүна цолтон болно.
Сумод их аварга Хакүхо М.Даваажаргал 45, Асашёорюү Д.Дагвадорж 25, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10, Харүмафүжи Д.Бямбадорж ес, Какүрюү М.Ананд зургаа, озэки Хоошёорюү С.Бямбасүрэн, маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил, Киришима Б.Лхагвасүрэн нар тус бүр хоёр, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Ичиножёо А.Ичинноров нар тус бүр нэг удаа түрүүлсэн юм.
Тэгвэл эхний гурван өдөр өвдөг шороодсон Киришима Б.Лхагвасүрэн сүүлийн 12 барилдаанаасаа 11 даваа авч онцгойрсон бөгөөд энэ амжилтаараа “Дайчин барилдааны шагнал” хүртэв. Тэрбээр хаврын башёд комүсүби цолтой зодоглох нь. Түүнчлэн 40 настай Тамаваши Б.Мөнх-Оргил залуучуудтай тун сайн барилдаж есөн даваатай башёг дуусгасан бол Оошёома П.Дэлгэрбаяр найм, Тамашёохо Э.Эрдэнэбилэг зургаа, Оонокацү Б.Чойжилсүрэн долоо, Чёошома Г.Мөнхсайхан есөн даваатай башёг дуусгалаа. Ийнхүү Хацү башёд Монголын 19 сумочоос нэг нь түрүүлж, 11 нь качикоши, найм нь тавин хувийн амжилтаа үзүүлж чадсангүй. Мөн сумогийн 73 дахь аварга Тэрүнофүжи башёгийн дундуур зодог тайлах шийдвэрээ зарласан нь онцлог байлаа.