ДУНДГОВЬ: Дэрэн суманд "Тэмээний баяр" зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр Дундговь аймгийн Дэрэн сум 2 жилд нэг удаа уламжлал болгон “Тэмээний баяр”-ыг зохион байгуулдаг. Энэ жилийн тэмээний баярыг сумын ЗДТГ-аас хоёрдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Тэмээний өв соёлоо таниулах, сурталчлах замаар аялал
жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг татах, цаашлаад тэмээ маллахын
ач тус, давуу талыг таниулж, тэмээн сүргийг өсгөн үржүүлэх зорилго агуулдаг
энэхүү баярын үеэр тэмээчид тэмээн сүргийнхээ сүр хүч, чадал, ашиг шим, гоёмсог
эдлэл, хэрэглэлээрээ өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулдаг.
Тухайлбал, баярын үеэр торомны уралдаан, сайхан буур шалгаруулах, сайхан ингэ шалгаруулах, сайхан тэмээтэй, ганган хос шалгаруулах болон буйл зорох, бурантаг томох уралдаан, тэмцээн зохион байгуулах юм. Түүнчлэн энэ үеэр бүх төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа үйлчилгээ гаргана.
Ташрамд, 2024 оны жилийн эцсийн мал тооллогын
дүнгээр тус сум 1.6 мянган тэмээ тоолуулж, тэмээний тоогоор 15 сумаас
6-д жагсаж байна.