Д.Энхбаатар: Бүтээл маань гэрэл зураг ч, уран зураг ч биш, гэхдээ зурсан юм шиг харагдах нь миний хүсэл

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2025-02-13 10:39:51

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Уран бүтээлч Д.Энхбаатар “Цацал” фото арт үзэсгэлэнгээ “Dugut арт галерейд нэгдүгээр сарын 24-нөөс дэлгээд байна. Түүнтэй уулзаж уран бүтээлийнх нь талаар сонирхлоо.

 

-Үзэсгэлэнгээ яагаад “Цацал” хэмээн нэрийдэв. Энэ удаагийн үзэсгэлэн нь ямар онцлогтой вэ?

-Миний хийж байгаа ажилтай холбоотой. Ажлаа хийж байхдаа адууны зургийг яаж авбал хүнд илүү сэтгэгдэл төрүүлж харуулах бол гэж мэдэрч хийдэг. Уяатай сарлаг хүнд сэтгэгдэл төрүүлж харагдахгүй шүү дээ. Тиймээс адууныхаа онцлог, сарлагийн ааш занг илүү харуулах маягаар зураг авдаг. Сонирхолдоо хөтлөгдөөд, авсан зургаа янзалж байгаад санаандаа хүрсэн тохиолдолд хэвлэж үздэг. Зургийг компьютероос харахад таашаалгүй байдаг шүү дээ. Зарим зургаа хоёр гурван жилийн өмнө аваад хадгалсан. Нэг мэдэхэд 20 гаруй зурагтай болсон байсан. Хадгалаад хураагаад байлтай биш гээд олон нийтийн сүлжээнд оруулахад “Томоор хэвлээд өгөөч, худалдаж авъя” гэсэн сэтгэгдэл бичсэн байдаг. Ер нь үзэсгэлэн гаргаж, дэлгэх гэхээр тохироо бүрдэхгүй байсан юм.

“Цацал” нэрний хувьд бэлгэдлийн чанартай, 9 цагаан морины зураг бий. Монголчууд сүүн цацал өргөдөг. Хөдөө хээр амьдарч байгаа хүн байгалиас шалтгаалж амьдардаг. Жишээлбэл, маргааш цас орох, цасан шуурга шуурах, өвөл зуд болох эсвэл байгалийн гэнэтийн үзэгдэл болж хамаг малыг нь хөөгөөд, гэрийг нь хийсгэх эсэхийг ч мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр өглөө бүр айлын эхнэр цай, сүүнийхээ дээжийг тэнгэртээ, хайрхандаа өргөдөг бэлгэдэл нь сайхан санагддаг.


Монгол Улсад 1300-1400 мянган өрх айлын 20 хувь нь гэхэд 40-50 мянган эмэгтэй дээж өргөж байгаа байх. Тэд бүгд л гэр бүлээ эрүүл энх байгаасай, ажил төрөл минь бүтээсэй, улс орон цаашлаад дэлхий ертөнц амгалан байгаасай гэсэн үүднээс өргөж байгаа. Манай эмэгтэйчүүд дэлхийн 7 тэрбум хүний өмнөөс залбирч дээжээ өргөдөг. Цацалдаа сүү, цайны дээж хийгээд өргөнө гэхээр монголчууд цагаан өнгийг эрхэмлэдэг нь харагддаг. Цагаан өнгийг эхийн цагаан сүү мэт сэвгүй ариун сэтгэлийн бэлгэдэл гэхчлэн янз янзаар тайлбарладаг. Түүнийг зурж, эсвэл өөр өнцгөөр илэрхийлэхийг хүсдэг байсан юм. Зурах, видео клипээр хийх гэхээр арга нь олдохгүй байсан. Тэгээд цагаан морьдоо давхиулаад, давхингуут нь 9 цагаан морины зургийг дарсан. Тэгтэл мөрөөдөж явсан зүйлтэй маань холбогдон 9 цагаан морины бэлгэдлээр “Цацал” гээд нэрлэсэн. 9 цагаан морины зургийг тэр шөнөө фэйсбүүк дээр тавиад өглөө сэрсэн чинь маш олон хүнд таалагдсан байсан. Олон хүнд таалагдах зүйл гаргаж тавина гэдэг санааных биш. Олон хүнд таалагдсан нь надад сайхан санагдсан.


 -Дээр хэлсэнчлэн таны зургууд ажилтай тань хэрхэн холбогддог нь сонирхолтой санагдлаа...?

-Нүүдэлчин амьдралын хэв маягийг гадаад дотоодын жуулчдад харуулахаар зорьж байгаа. Монгол ахуйг жуулчдад үзүүлэх, үндэсний өв соёл уламжлалаа таниулахаар 15 жил ажиллаж байна. Хүн бүрд өөрийн гэсэн хобби байдаг. Би 2011 онд энэ ажлаа хийхээс өмнө 10 гаруй жил барилга барих, наймаа хийх, уул уурхай юм уу бизнес хийж мөнгө олъё гэсэн бодолтой явсан. Өмнө нь янз бүрийн ажил хийгээд түүнээсээ нэлээд залхсан л даа. Ер нь, хүний амьдрал 10, 10 жилээр сонирхол өөрчлөгддөг юм байна. Ажлаасаа, орлого олж байгаа хэлбэр маань таалагдахгүй болсон. Наймаа гэхээр нэгийг аваад нөгөө тийш нь зардаг, нэг л хэвийн сонирхолгүй, уйтгартай болдог ч юм уу. Дүрслэх урлагийн сургуулийн онцлог нь биднийг зураач, уран бүтээлч болгож хүмүүжүүлсэн.

Анх 15, 16 настай орсон нөхдүүд 5 жил суралцахад өөр бодолтой болдог юм билээ.

Би “Дүрслэх гэдэг сургуульд 15, 16 настай ороод хор уучихсан юм” гэж хошигнодог. Үргэлж өөр, өвөрмөц зүйл хиймээр бодогдоод тэр хор хүнээс хэзээ ч арилдаггүй юм билээ.


Манайхны үйлдвэрлэл, үйл ажиллагааны ихэнх нь гаднаас нөлөөтэй байдаг. Бараа материалаа гаднаас авчирна, нэгэндээ авчирч зарна. Олсон мөнгөө буцаагаад гадагш нь гаргана. Тэгэхээр дотоодоосоо мөнгө олдог жуулчны бааз байгуулах,  энтертайнмент шоу бизнес хийх гэдэг сонголттой тулгарсан. Жуулчны ажил бизнес болохоороо Монголдоо аялуулж, байгалиа үзүүлж, монгол хоолоор дайлж, буудалдаа хонуулж, монгол ахуйгаа үзүүлбэр хэлбэрээр найруулаад үзүүлж байна. Тэгэхээр бидний хүсээд, яриад байдагчлан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, жинхэнэ үнэ цэнтэй орлого олж байна.

Тухайн үед манай хүүхэд 10 гаруй настай байсан юм. Гоожуур онгойлгоод ус авч, паалантай жорлонд сууж, дөрвөн хананы дунд биш хөдөө гарч байх хэрэгтэй юм гэж бодсоны үндсэн дээр жуулчны баазаа байгуулж байсан.

 

-Гэрэл зургийг хэзээнээс сонирхож эхлэв?

-Ер нь, 20 гаруй жилийн өмнөөс зураг авч эхэлсэн. Зургуудаа буцаагаад компьютероор янзалж байгаа. Шууд авахаар бусад зурагчныхтай адилхан уйтгартай болсон мэт санагддаг. Харин мэргэжил маань нөлөөлж, авсан зургаа түүхий, дутуу байхаар нь оролдож байгаад орхичихдог. Жилийн дараа нөгөө зургаа дахин оролдох гэх мэтээр ажиллаж байна.


ураач хүн мал, амьтан, байгаль ахуйг гэрэл зургаар илэрхийлэх нь мэдээж маш өвөрмөц онцлогтой байх л даа.  Фото арт ч гэх юм уу холимог урлагийн шинэ чиглэлээр ажилладаг гэж ойлгож болох уу?

-Бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс ийм загвараар явах ёстой гэсэн төлөвлөгөөтэй байх. Би хийж байгаа ажилдаа зураг зурж байгаа юм шиг ханддаг. Ер нь, өөрийнхөө сурсан мэргэжлээр жуулчин ирэхэд яаж хандах вэ, яаж үйлчлэх вэ гэж боддог. Мөн сарлаг, адуу, морь, тэмээг яаж хэвтүүлэх вэ, яаж алхуулах вэ, яаж харуулах вэ гээд төсөөлнө. Яг л зураг зурж байгаа юм шиг мэдрэмжээр явах дуртай. Зураг зурах хоббитой  ч гэсэн заримдаа заавал хавтгай дээр зурахгүй, хийж байгаа ажлаа зураг зурж байгаа юм шиг бүтээлээ хийж байна гэж өөрийгөө тайвшруулж, урамшуулдаг .

Дүрслэх урлагийн сургуульд сурсан арга барил нөлөөлж гэрэл зурагчдаас өөр загвартай, өөр зохиомжтой бүтээл гаргахыг хүсдэг. Үүнийг фото арт гэх юм уу, юу гэж тодорхойлохыг хэлж мэдэхгүй байна.

 

-Онцгой агшныг онож буулгасан гэрэл зураг л үзэгч уншигчийг татдаг. Үзэсгэлэнд тавьсан 8 шарга морины нүд өөрийн эрхгүй нүдэнд тусаж байна. Тэсгим өвлийн жавар, цасан шуурганд цан хүүрэг татуулан давхиж яваа сарлаг хайнагийн зургийг хэрхэн буулгасан бол гэж санагдахуйц хүчирхэг өгүүлэмжтэй аж. Зургийн аппарат тэнд нь анаад хүлээж байсан юм шиг буулгана гэдэг гоё юм аа?

урагчны самбаа эгзэгтэй агшныг алддаггүй байх хэрэгтэй. Зарим зурагт зураачийн өнцгөөс ийм байвал энэ тал нь илүү их тодрох юм болов уу гэж фотошопоор ажилладаг. Хүн харахыг хүссэнээ хайж, харахыг хүссэнээ бүтээдэг байх. Сарлагийг бүр хамаагүй томруулчихсан байгаа биз?

Миний хувьд, харж байгаагаа заавал харснаараа буулгахыг хүсдэггүй, уран зохиомж, уран сэтгэмжээрээ ажиллахыг хүсдэг. Уян налархай юмыг, бүдүүн хадуун, том аварга юмтай базаад тохируулчихсан гэсэн үг. Тухайн обьектынхоо хэвийн хэмжээнээс илүүтэй жижигхэн хэсгийг нь тодосгоход хэвийн биш болж хувирсан ч хэвийн юм шиг харагдана.


Түүнийг хүн ялгахын аргагүй тэгж хийнэ гэдэг нь бас л өөр түвшний таашаал, тэр таашаалаа хөгжүүлж байна гэж би ойлгодог. Жишээлбэл, тэр нохдын зарим нь алга болчихсон, зарим нь үхсэн ч гэсэн гэрэл зурагт үлдсэн. Хамтдаа зургаа даруулсан хүмүүсийн зарим нь өдгөө үгүй болсон байдаг шиг  амьтан ч гэсэн орчлонгийн жамыг  амсаж эдэлдэг. Ахуй гэдэг өөрөө ийм зүй тогтолтой.

 

-Аливаа уран бүтээл тухайн эзнээрээ овоглогддог болохоор өөрийн гэсэн онцлогийг гэрэл зурагчин бүр илэрхийлэхийг эрхэмлэдэг байх. Уран бүтээлч Д.Энхбаатар ямар онцлогтоо илүү дуртай вэ?

-Зурагчин, сонирхлоороо зураг авдаг хүмүүс ч гэсэн бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Зураач нар ч гэсэн өөрийн уран бүтээлээрээ танигддаг. Тэгэхээр миний ноцолдсон ажил ялгарч харагдаж байгаад нь би баяртай байгаа. Бусад зурагчныхтай  адилхан болчихвол өөрт таалагдахгүй. Манай Дүрслэхийн сургуулийнхан орж ирээд, “голох юм биш, зүгээр байна” гэдэг. Хүн өөрийнхөө юманд эргэлзэнэ, харсаар байгаад заримдаа залхана. Ер нь гоц гойд өөр гэхээсээ илүү өөртөө итгэж байгаа. Ямар ч байсан мөрөөдөөд байсан зүйл маань учир сайхан санагддаг.

Үзэсгэлэнд тавьсан сарлаг, адуу, 8 шарга морь гээд бүгд манай мал. Тиймээс малаа бэлчиж байхад нь зураг авах үе зөндөө гардаг. Ямар нэгэн нэг юм үзүүлэхийн тулд видео эвлүүлж, өнгө зүсийг нь янзлаад, хөгжим дуу оруулаад бодит байдлаар хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж болно. Харин би адууны ч юмуу нүүдэлчин ахуйн онцлог, өнгө төрхийг л илүү магтан дуулж, тодруулахыг хүсдэг. Түүнийг зураг дээр тодруулахад арай амар байдаг. Жишээ нь, бэлчээртээ байгаа, зогсож байгаа сарлагийн зургийг хүмүүс зөндөө л авдаг. Харин би сарлаг гэдэг амьтны өөрийнх нь онцлог, характерыг илүү гаргахыг хүсдэг. Нэг өнгөтэй, жаргалтайн дэлгэр зурагт би дургүй. Харин би байгалийн араншин, цасан шуурга гэх мэтийг үзүүлэхийг хүсдэг. Тэр нь ч хүнд онцгой сэтгэгдэл төрүүлэх сонирхолтой өнцөг болдог шиг байгаа юм. Ер нь, уран зураг суурьтай хүн зохиомж гэдгийг мэддэг, тэр нь нүдэнд уран зураг шиг төсөөлөгддөг. Түүнийг гэрэл зурагчнаас арай өөр өнцгөөр харж байна гэсэн үг.


Манайд гэрэл зураг авчихаад фотошопоор янзаллаа, өнгийг нь өөрчиллөө, эвлүүлээд тавилаа, бараг байж болшгүй гэж үздэг. Гэрэл зургийнхны тэр хандлага надад хамаагүй санагддаг. Бодит юм заавал бодит юмтай адилхан байх албагүй.


Тэр санаагаа яагаад өөрийнхөө хүсэж мөрөөдөөд байгаагаар гаргаж болохгүй гэж. Аль эсвэл зургаа тосон будгаар будах, эсвэл шүршиж ч болох байсан. Тэгэхээр эцсийн үр дүн нь чухал болохоос, наана нь юугаар хийх нь огт хамаагүй гэж үздэг. Дүрслэхийн салбарынхан биш хүмүүс харж байснаа, “зурсан зураг биш юм уу” гэдэг. Тэгэхээр “Зурсан юм шиг харагдаж байх ньминий хүсээд байсан зүйл юм.


-Энэ удаагийн үзэсгэлэн нь бие даасан хэд дэх удаагийнх вэ. Нийт хэчнээн бүтээл дэлгээд байна вэ?

-Анхны үзэсгэлэнгээ хөрөг зургаар “Монгол номадик” жуулчны бааз дээрээ гаргаж байсан. Энэ удаагийнх хоёр дахь нь. Нийт 21 зураг дэлгээд байна. Сарын хугацаанд зураач, гэрэл зураг сонирхогч болон олон нийтэд нээлттэй ажиллаж байна.


-Танд уран бүтээлийн амжилт хүсье.

-За баярлалаа.














Холбоотой мэдээ