БАЯНХОНГОР: Хүүхдийн хоол, шим тэжээлийг сайжруулах цогц үйл ажиллагаа өрнүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдсантай холбогдуулан шинэчилсэн цэс хэрэгжүүлж буй.
Аймгийн Боловсролын газраас сургуулиудад иж бүрдэл хоолоор үйлчлэх, хоолны цэсэд сүү, сүүн бүтээгдэхүүн, жимсийг оролцуулах чиглэлийг өгч ажиллаж байна.
Хоолны зардал нэмэгдсэнээр иж бүрдэл хоол олгох боломжтой болсон бөгөөд хоолны илчлэг 650-850 ккал болж нэмэгджээ.
Аймгийн Боловсролын газраас хүүхдийн хоол, шим тэжээлийг сайжруулах цогц үйл ажиллагаа өрнүүлж байгаа бөгөөд төлөвлөгөөг шат дараатай хэрэгжүүлж байна.
“Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын газар хамтран цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтан тогооч, хоол зүйч нарт "Шим тэжээл" сургалтыг өнгөрсөн сард зохион байгуулсан. Аюулгүй, амт чанартай хоолоор цэсээ баяжуулах, хоолны чанарыг сайжруулах, тогооч нарын мэргэжлийн ур чадварыг дэмжих зорилгоор 3 өдөр онол, дадлага хосолсон тус сургалтад 117 тогоочийг хамруулсан байна.
Мөн тус газраас аймгийн ХХААГ-тай хамтран хүүхдийн хоолны шим тэжээлийг сайжруулах, сүүний ач холбогдлыг таниулах, сүү уух соёл төлөвшүүлэх, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Өдөр бүр нэг аяга сүү” арга хэмжээг зохион байгуулсан. Тус үйл ажиллагаанд 32 сургууль, 36 цэцэрлэг хамрагдаж, 12560 сурагч өдөрт 100-200 мл сүү ууж хэвшжээ.
Сүү хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сан болон эцэг эх, асран хамгаалагчийн дэмжлэгтэйгээр нийт 107.5 сая төгрөг зарцуулаад байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах хүрээнд болзолт уралдаан зохион байгуулж, Бууцагаан сумын ерөнхий боловсролын сургууль, Баянхонгор сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, Баянхонгор сумын 14 дүгээр цэцэрлэг, Баянхонгор сумын 16 дугаар цэцэрлэг шилдгээр шалгарчээ.