GUYS хамтлаг зургаадугаар сард тоглолтоо хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/ GUYS хамтлаг 8 жилийн дараа “Good luck” нэртэй шоу тоглолтоо зургаадугаар сард хийнэ.
Тоглолтоос өмнө тэд “Эр хүн” хэмээх шинэ дууныхаа клипийг хийхээр зохиолын уралдаан зарлалаа.
GUYS хамтлагийн гишүүн Д.Лхагва энэ талаар мэдээлэхдээ, -Манай хамтлагийн дууны клип кино шиг өрнөдгөөрөө онцлогтой. Энэ удаад “Эр хүн” дууны видео клипээ өөрсдийн зохиосон зохиолоор бус олон нийтийн санааг тусган дүрсжүүлнэ. Эр хүний мөн чанарыг нотолж харуулсан үг, үйлдэл, үзсэн харсан жишээ болон сэтгэлд тань хадгалагдаж явдаг бодит үйл явдлыг өгүүлэхдээ хоёр өгүүлбэрээр ч санаагаа илэрхийлэх боломжтой"-г хэлж байв.
Энэ сарын 13 хүртэл үргэлжлэх энэхүү уралдаан 10 сая төгрөгийн шагналын сантай, хэн ч оролцох боломжтой. Уралдаанд оролцож санаагаа илгээсэн эхний 50 хүнийг
зургаадугаар сард болох тоглолтын урилгаар урамшуулах юм.
Өнгөрсөн оны 11, 12 дугаар сард Европын холбооны улс болон Австрали улсад аялан тоглолтоо хийсэн тус хамтлаг ирэх сараас АНУ, Канад улсад аялан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.