ХОВД: Эрдэнэбүрэн сумын эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчлэх шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-02-03 14:52:08

Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр өмнөх долоо хоногт Эрдэнэбүрэн суманд ажиллах үеэр Эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчлэх шаардлагатай байгаа тухай санал уламжилжээ. 

Сүүлийн жилүүдэд тус сумын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх иргэдийн эрэлт хэрэгцээ, ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан тусламж, үйлчилгээний чанар стандартыг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Эрүүл мэндийн төв нь 1973 онд ашиглалтад орсон барилгад үйл ажиллагаа явуулж байгаа. Хамгийн сүүлд 2018 онд их засвар хийжээ.

Одоо засварлах биш шинэчлэх шаардлагатай. Учир нь шүдний кабинет байгуулах боломжгүй, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлээгүй, стандартын шаардлага хангасан орчин бүрдээгүй зэргээс шалтгаалан магадлан итгэмжлэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлдөг. Үүнээс гадна алсын дуудлага болон хүнд өвчтөн тээвэрлэж, дараагийн шатлалын эмнэлэгт хүргэхэд автомашин шаардлага хангадаггүй, эмч, мэргэжилтний ажиллах орчныг сайжруулах, нийгмийн баталгааг хангахад анхаарах шаардлагатай гэх саналыг Эрүүл мэндийн төвийнхөн хэлжээ. 

Засаг даргын орлогч Л.Энхбаяр нэгдүгээр сарын 31-нд Эрдэнэбүрэн суманд ажилласан ба аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шат, шатандаа анхаарч хамтран ажиллах нь чухал гэдгийг онцолсон гэж ЗДТГ-ын цахим хуудсаар мэдээллээ.

Эрдэнэбүрэн сум нь Ховд аймгийн төвөөс 75 км, нийслэлээс 1552 км зайд оршдог. 3000 гаруй хүн амтай. Тус сумын Эрүүл мэндийн төв 20 гаруй эмч, ажилтантай юм. 

 

 

Холбоотой мэдээ