З.Дэндэв: Манай зургаан хүүхэд охин, хүү гэхгүй бүгд л хурдан морь унаж өссөн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-02-04 16:43:09

Улаангом, 2025 оны хоёрдугаар сарын 04 /МОНЦАМЭ/. Өлгий сумын малчин, аймгийн алдарт уяач, Алтан төлийн эзэн Замбын Дэндэвтэй уулзаж, өвөлжилтийн талаар ярилцлаа.


-Танай суманд өвөлжөө тавлаг уу?

-Манай сумын хувьд энэ жил цас ихтэй, хүйтэн, бод малын хувьд зутрангуй байна. Үхэр, адуу бараг тэжээлд орчихсон, одоо дулаарч байгаа хэдий ч идүүр муутай хэцүүхэн байна. Миний хувьд уядагтайгаа нийлээд 80-аад адуу тэжээж байна. Өнгөрсөн жил өвс эрт гараад хатчихсан. Манай сумын малчид зэргэлдээ сумд руу отроор өвөлжиж байгаа. Ихэвчлэн Ховд аймгийн Мянгад, Дөргөн сум, Увс аймгийн Өмнөговь, Ховд зэрэг сум руу явцгаасан. Сумдын Засаг дарга нарын гэрээ хэлцэл, иргэд хоорондын яриа хөөрөөний үндсэн дээр очиж өвөлжиж байгаа.


-Сүүлийн жилүүдэд танай сум хурдан морины өлгий нутаг болоод байгаа. Гадны морьд их очиж байна уу?

-Цаг уурын таатай нөхцөлтэй болохоор гадны хурдан хүлгүүд их ирж тэжээж байна. Аймгийн төвийн уяачдын морь, мөн хойд талын хүйтэн өвөлждөг сумдын морьд багагүй ирсэн. Сумын төвд 300-гаад морь бараг байгаа байх. Даага гэхэд 70 гаруй байна. Манай сумын хувьд дулаан өвөлждөг, эрт дулаардаг, тааламжтай цаг агаартай.


-Та хэдийнээс морь уяж эхэлсэн бэ?

-Миний хувьд 2013 оноос хурдан морь уяж эхэлсэн. Энэ хугацаанд аймгийнхаа 90 жилийн ой, Засгийн газрын тогтоолтой Баруун бүсийн хурдан морины уралдаанд даага түрүүлүүлж байсан. 2016 онд Монгол Улсын шилдэг уяач болсон. Аймгийнхаа шилдэг уяачаар удаа дараа шалгарч байлаа. Өнгөрсөн жил сар шинийн босгон дээр Алтан унганы эзэн болсон. Энэ бүх амжилтыг гаргахад ар гэрийнхэн болон ах дүүс, нутгийн иргэдийн тус дэм их байсан гэж бодож баярлаж явдаг.

2019-2021 онд корона гээд уралдаан их болоогүй тул морины уяа жаахан цалгартсан. Өнгөрсөн жилээс эхлээд сэргэж байгаа. Энэ жилийн хувьд цас зудтай хэцүү байгаа ч гэсэн төрөлх аймгийнхаа 100 жилд бэлдээд морьдын бэлтгэл сайн байгаа.


-Морь мал тэжээхэд хүн хүч, хөрөнгө мөнгө их орж байна уу?

-Гэр бүлээрээ л зүтгэж байна даа. Манайх 8 ам бүлтэй. Эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг. Би мал маллахын хажуугаар сумандаа түүхий эд, арьс шир авах зэрэг бизнес эрхэлдэг. Эхнэр маань хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Том хүү маань Батлан хамгаалахын их сургууль төгсөөд одоо БНСУ-д сурч байна. Удаах хүү маань намайг дагаад мал маллаж, морь уяж тусалж байгаа. Охидууд маань 10 жилийн сургуульд сурч байгаа. Манай хүүхдүүдийн хувьд охин, залуу гэхгүй бүгд л хурдан морь унаж өссөн. Бүгд морины ажилд тусалдаг. Манай Нарантуяа гэдэг охин маань аймгийн шилдэг уралдаанчаар шалгарч байсан. Бага охин Сарантуяа маань 2024 оны аймгийн шилдэг уралдаанч хүүхдээр шалгарсан.




-Хаврын уралдааны талаар ямар бодолтой байдаг бэ?

-Хаврын морин уралдааны талаар баахан маргаан яваад байна. Манай аймгийн хувьд 3 дугаар сарын 1-нд морь уралдах боломж бага, цас их ордог, хүйтэрдэг. Хаврын цагт ганц нэг л уралдаан болохоос биш байнга уралдах боломжгүй. Ганц уралдааны хувьд хүүхдийн амралттай үеэр, цаг агаарын дулаан үед зохион байгуулаад уралдах боломжтой гэж бодож байна. Хаврын цагт морио нэг онгойлгоод тэжээлийнх нь хор гаргаад ногоонд тавихад 4 дүгээр сарын 1-нээс уралдаан эхлэх боломжтой. Харин 5 дугаар сарын 1 гэдэг нь арай оройтоод байгаа.


-Цахим орчинд хурдан морийг дандаа амьдралын боломж тааруу айлын хүүхдүүдээр унуулдаг, тэвчишгүй хөдөлмөр хийлгэж байна гэж яриад байна. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Миний хувьд өөрийн хүүхдүүдээр охин, хүү гэхгүй бүгдээр нь хурдан морь унуулдаг. Ах дүү нарынхаа хүүхдүүдээр унуулдаг. Мөн моринд дуртай хүүхдүүдийг өөрийнх нь сонирхлын дагуу аав, ээжтэй нь гэрээ хийсний дагуу унуулдаг. Түүнээс биш моринд дургүй хүүхдийг хүчээр морь унуулна гэж хэзээ ч байхгүй. Хүний хүүхдээр морио унууллаа гэхэд өөрийн хүүхдээс ялгаагүй хайрлаж, хамгаалж явдаг.


-Унаач байсан хүүхдүүдээс тань уяач болж байгаа тохиолдол байна уу?

-Байлгүй яахав, моринд дуртай хүүхдүүд олон байгаа. Миний морь унаж байсан А.Хашбат гээд хүүхэд цэргийн алба хаагаад ирсэн. Одоо сайн уяач болсон. Мөн Доржсэмбэ, Ш.Мөнхбат гээд хүүхдүүд уяач болсон. Аймаг, сумаас олон айраг түрүү хүртсэн сайн уяачид болсон. Ш.Мөнхбатын хувьд өнгөрсөн жил аймгийн баяр наадамд азарга түрүүлүүлсэн. 2024 оны Увс аймгийн шилдэг уяач болсон. Хяргас сумын уугуул С.Эрдэнэдэлгэр гээд хүний уяач хийж байгаа Доржсэмбийн хувьд бас л аймгийнхаа томоохон уралдаанууд болон зэргэлдээ Ховд аймгийн уралдаануудад амжилттай уралдаж байгаа. Манай өөрийн хүүхэд бас бие дааж морь уяад явж байгаа. Дараагийн хүүхдүүд нь сургуулиа төгсөөгүй, амралтын цагаараа туслах хийгээд явж байна. Сургууль соёлоо төгсөөд морь уямаар байна гээд хүүхдүүд хүрээд ирвэл морь бэлэглээд хамтраад ажиллаад явахад бэлэн байдаг. Би унаач байсан хүүхдүүдтэйгээ нийлээд нэг гал болоод морь уяхыг зааж, зөвлөөд явж байгаадаа баяртай байдаг.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

Холбоотой мэдээ