ДУНДГОВЬ: Хоршоог хөгжүүлэх сангаас 765 хоршоо 9,5 тэрбум төгрөгийн зээл авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-02-05 13:54:58
altantogos

Мандалговь, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХААГ-ын мэдээлснээр 15 сумын Хоршоог хөгжүүлэх сангаас 765 хоршоо 9,5 тэрбум төгрөгийн зээл авчээ. 2011 оноос хойш тус аймгийн 15 суманд улсын төсвөөс 3,376,0 сая төгрөг хуваарилсан ба өнөөдрийн байдлаар идэвхтэй  зээл 2,133,9 сая төгрөг байна.


Хоршоог хөгжүүлэх сан нь сумдад үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоогоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилготой.


ХХААХҮ-ийн сайдын 2021 оны А/361 дүгээр тушаалаар Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх хяналт тавих журмыг баталж, шаардлага хангасан хоршоонд жилийн 3 хувийн хөнгөлөлттэй зээлийг 60 хүртэл сарын хугацаагаар олгож байна.


Гэхдээ 15 сумын хэмжээнд тус сангийн зээл олголт хангалтгүй, 10 сумын Хоршоог хөгжүүлэх санд хуваарилсан хөрөнгийн 50 гаруй хувь нь эргэлтэд ороогүй байна. Тус сангийн хөнгөлөлттэй зээл олголтын хэрэгжилт тааруу байгаа шалтгаан нь хоршооны хөгжил тааруу, тогтвортой үйл ажиллагаа явуулдаггүй, татварын тайлан гаргадаггүйтэй холбоотой хэмээн ХХААГ-ын мэргэжилтэн Ж.Мөнхбаяр онцолсон.


Зээл олголт их байснаар сангийн хөрөнгө өсөх ба сумаар нь авч үзвэл, зээлийн дүн Баянжаргалан суманд 43.2 хувь, Гурвансайхан суманд 41.8 хувь, Эрдэнэдалай суманд 40.6 хувь, Сайнцагаан суманд 38.8, Дэлгэрцогт суманд 37.5 хувь, бусад суманд 36.6-аас доош хувийн өсөлттэй байгаа юм. 

Холбоотой мэдээ