ЗАВХАН: Сумдад нэн шаардлагатай байгаа яаралтай тусламжийн авто машиныг олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-06 14:16:21

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Завхан аймагт ажиллах үеэрээ Сонгино, Нөмрөг, Тэлмэн Тосонцэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцжээ.


Энэ үеэр Сонгино, Нөмрөг, Тэлмэн суманд нэн шаардлагатай байсан яаралтай тусламжийн зориулалтаар бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай авто машиныг шийдвэрлэж өгсөн байна.


Мөн энэ онд дахин 5 сумын эмнэлгийг яаралтай тусламжийн бүрэн тоноглогдсон автомашинтай болгоно гэлээ.

Эрүүл мэндийн сайдын ахалсан ажлын баг Улиастай, Сонгино, Нөмрөг, Тэлмэн Тосонцэнгэл сумын иргэд, эрүүл мэндийн салбарынхантай уулзаж, эрүүл мэндийн салбарын үйлчилгээ, чанар хүртээмжийн талаар санал хүсэлт сонсож мэдээлэл өгчээ.

Уулзалтаар, иргэд улсын эмнэлгүүдэд шинжилгээний бодис дутмаг байдаг нь иргэдийг чирэгдүүлж хувийн эмнэлэгт хандахад хүргэдэг. Ахмад настнуудын бүх төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй болгож өгөх боломж байгаа эсэх.


Орон нутагт хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар дутагдалтай байдаг. Сумдын эмч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах.


Завхан аймагт жишиг өрхийн эмнэлэг байгуулж өгөх зэрэг асуудлыг хөндөж санал хүсэлт тавьсан байна гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Тосонцэнгэлийн Нэгдсэн эмнэлгээр 10 гаруй сумын иргэд үйлчлүүлж байна

Тосонцэнгэл сум газар зүйн байршлын хувьд онцлогтой төдийгүй гурван аймгийн хил дээр оршдог.

Бусад сумтай харьцуулахад эмнэлгийн тусламж үйлчилгээний хүрээ өргөн бөгөөд хүний нөөцөө нэмэгдүүлэн ажиллаж байгаагаа эрүүл мэндийн сайдад дуулгалаа. Тус сумын нэгдсэн эмнэлэг жишиг шүдний кабинеттай болохоор ажиллаж байна.


Өнгөрсөн жил нийгмийн хариуцлагын хүрээнд 500 хүүхдийн шүдний үзлэгийг сумын хэмжээнд зохион байгуулсан нь үр дүнгээ өгчээ.


Өнөөдөр тус суманд хүүхдийн шүдний өвчлөл буурсан үзүүлэлттэй байна. Мөн сумын иргэд заавал аймгийн төв, нийслэл Улаанбаатар хотыг зорьж цаг хугацаа алдахгүйгээр сумынхаа шүдний кабинетад эмчилгээ үйлчилгээгээ авдаг болжээ.


Ташрамд, Тосонцэнгэл суманд бусад сумтай харьцуулахад төрөлт их байдаг. Өнгөрсөн жил тус сумын Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Пүрэвдорж анх удаа, суманд нярайн өрцний эвэрхий нөхөх мэс заслыг ЭХЭМҮТ-тэй цахимаар холбогдон амжилттай хийж байсныг ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ж.Отгонбаатар танилцуулга хийх үеэрээ онцлон дурдав.


Эрүүл мэндийн сайд Завхан аймагт ажиллах үеэрээ салбарын шилдэг ажилтнууд,

эмч мэргэжилтнүүдэд төрийн одон медалийг гардуулан өгсөн.


Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэгт эмч, эм зүйч, сувилагчаар 30-40 жил тасралтгүй ажиллаж,

хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зүтгэсэн ахмадуудыг төрийн дээд алтангадас одонгоор шагналаа


Тосонцэнгэлийн эмч нар 10 гаруй сумын иргэдэд хүрч үйлчилдэг


Энэ онд дахин 5 сумын эмнэлгийг яаралтай тусламжийн бүрэн тоноглогдсон автомашинтай болгоно

Холбоотой мэдээ