Өвлийн хүйтэнд хүлэмжнээсээ шинэ ургацын өргөст хэмх хураан авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-07 15:25:17

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Олон улсын стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж бүхий дөрвөн улирлын гидропоник хүлэмж байгуулсан “Төгс ургац” компани -30 хэмийн хүйтэнд шинэхэн өргөст хэмх хураан авч байна.


Олон улсын стандартын шаардлага хангасан энэхүү гидропоник хүлэмжийг Голланд улсаас 2016 онд оруулж иржээ. Орчин үеийн дэвшилтэт, ухаалаг технологийн бүрэн автоматжсан хүлэмжээс өдөрт хоёр тонн өргөст хэмх хураан авдаг байна. Тус хүлэмжийн онцлог нь орчин үеийн технологийн тусламжтай өргөст хэмхийг ургуулах таатай нөхцөл бүрдүүлэн, дотор орчны температурыг жигд байлгадаг. Ингэснээр өргөст хэмхийн зах зээлийн 30-35 хувийг дангаараа бүрдүүлж, дотоодын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниас 80 хувийг “Төгс ургац” ХХК үйлдвэрлэдэг. Удахгүй “Амны зугаа” даршилсан өргөст хэмхийг борлуулалтад гаргахаар зэхэж байна. Тус компани 100 гаруй ажилтантай бөгөөд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, хүнсний ногоог дотооддоо 100 хувь хангах зорилт тавьжээ.  


Хатуу ширүүн уур амьсгалтай манай оронд дөрвөн улирлын хүлэмж 6 га талбайг хамардаг. Үүний 4 га нь тус компанийнх аж. Дөрвөн улирлын хүлэмжид эрчим хүч хамгийн чухал байдаг тул Засгийн газар эрчим хүчний хүчин чадлыг нэмэх, дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүддээ хөнгөлттэй, урт хугацааны зээл олгоход анхаарах шаардлагатайг тус компанийн гүйцэтгэх захирал П.Буянтөгс ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, тус яамны газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан нар тэдний ажилтай танилцах үеэр онцолсныг ХХААХҮЯ мэдээлэв. 


“Төгс ургац” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Эрдэнэчимэг, “Хүлэмжийн аж ахуйгаа өдий зэрэгтэй болгоход 20 орчим тэрбум төгрөг зарцуулсан. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнөөс 3.9 тэрбум, ХААН банкны ногоон зээлээс 12 тэрбум төгрөгийн зээл авсан. Хүлэмж байгуулаад есөн жил орчим болж байгаа ч хөрөнгө оруулалтаа нөхөж амжаагүй байгаа. Цаашид талбайгаа өргөсгөж, өргөст хэмхээс гадна улаан лооль, саладны навч тариалж, хүлэмжийн аж ахуй эрхлэх хүсэлтэй хүмүүст мэдлэг, чадвар олгох сургалтын төв байгуулах зорилготой” хэмээжээ. 

Холбоотой мэдээ