БАЯНХОНГОР: Салхи шуургатай байхыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Өнөөдөр, маргааш хээр тал болон говийн нутгаар салхи шуургатай байхыг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
Энэ сарын 11-15-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр хур тунадас орохгүй, хүйтний эрч сул байх юм байна. Салхи 11-нд хээр тал болон говийн нутгаар 12-14м/с, зарим үед 18м/с давж ширүүсч явган цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд ихэнх нутгаар баруунаас 5-10м/с.
Агаарын температур: 12-ноос хүйтний эрч суларч Галуут, Баянбулаг, Гурванбулаг, Заг, Байдрагийн хүрэн бэлчирээр шөнөдөө -21-26 хэм, өдөртөө -8-13 хэм, Эхийнголийн Баянбүрд орчмоор шөнөдөө -5 -10 хэм, өдөртөө +1+6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -10-15 хэм, өдөртөө -3+2 хэм дулаан байна.
Нэмэх хэмтэй дулаан байх Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийнгол баг алдарт Сэгс цагаан богд уулын ар хормойд Улаанбаатараас 1100 гаруй км, аймгаас 430 км, сумаас 180 км-т оршдог. Жилийн дундаж агаарын хэм +5, хур тунадас 30 орчим мм буюу бороо цас гэж бараг мэдэхгүй өвөрмөц уур амьсгалтай нутаг юм. Өвөлдөө нэмэх хэмтэй дулаан өдөр цөөнгүй тохиох бөгөөд зунд хөрсөн дээр +50, түүнээс ч давж халах нь бий.