УВС: Улаангомын ЕБ-ын I сургуулийн амжилт жил ирэх тусам ахисаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-02-14 14:00:26

Улаангом, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд энэ хичээлийн жилд 100 гаруй багш сурган хүмүүжүүлэгч, 1200 орчим хүүхэд багачууд суралцаж байна.


2016 онд Улсын тэргүүний сургууль, 2017 онд Алтан гадас одонгоор шагнуулсан тус сургуулийг 60 гаруй төр нийгмийн зүтгэлтэн, төрийн өндөр албан тушаалтан төгсжээ.


Тус сургуульд өдгөө математик, байгалийн ухаан, англи хэлний хичээлийн улсын олимпиадын медальтай 10 багш ажиллаж байна. Англи хэлний багш нар Tesol зэрэгтэй, Ielts-ийн оноотой байна. Мөн “Мэдлэг” цахим сургуульд хичээл зааж буй 7 багш байна.


Хамгийн сүүлийн бахархам амжилт гэвэл мөсөнд авиралтын Дэлхийн залуучуудын аваргаар хоёр сурагч тодорсон нь 12в ангийн сурагч Б.Мөнхбаатар, 12а ангийн сурагч Э.Номинтэнгэр нар юм.


“Дэлхийд өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэх” алсын хараатай тус сургууль 3 жил дараалан гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр ахисан үзүүлэлттэй үнэлэгдэж, I түвшний үнэлгээтэй сургууль болоод байна. Тэрчлэн элсэлтийн шалгалтын дундаж оноо 590.6 байгаа нь аймаг, улсын дунджаас дээгүүр үзүүлэлт юм.


Pearson, Eduten хичээлийг орчин, арга зүйн хувьд чанарын өндөр түвшинд зохион байгуулахад анхаарч кодчиллын хичээлийг 5 дугаар ангидаа 3 дахь жилдээ орж байгаа нь онцлог байна.  


Мөн долоо хоногт 3 удаа бага ангийн хүүхэд бүрд сүү өгч байгаа бөгөөд үдийн хоолны үйлчилгээ нь жишиг болж хүүхэд бүрийг өв тэгш, жигд хөгжүүлэхэд чиглэсэн хичээлээс гадуурх сургалт, хөгжлийн нэмэлт хөтөлбөрүүд нь үр дүнгээ өгсөөр байна.


Үүнээс гадна 960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга барьж байна. Олон улсын хөтөлбөртэй орон нутгийн сургууль болох зорилт дэвшүүлжээ. Тухайлбал, Сургуулийн шинэ барилга нь олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх стандартын дагуу төлөвлөгдсөн. Мөн дотуур байр, хөлбөмбөгийн талбайн гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулсан байна.


Түүнчлэн математик, байгалийн ухаан, англи хэлний багш нар өндөр түвшинд бэлтгэгдсэн нь улсын олимпиадад үзүүлсэн амжилт, мэргэшлийн зэрэг, цол зэргээс нь бэлхэнээ харагддаг.

Холбоотой мэдээ