Энэтхэгийн гар урлалын дахин давтагдашгүй ур хийц шингээсэн бүтээлүүдийг дэлгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНЭУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан “Энэтхэгийн соёл, гар урлал” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр нээлээ.
Монгол улс, БНЭУ-тай 1955 оны арванхоёрдугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улс манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн социалист бус анхны орон юм. Түүнчлэн 1961 онд НҮБ-д элсэхэд гол дэмжлэг үзүүлсэн түүхтэй. Энэхүү ойг тохиолдуулан “Шадар түшээ соёлын элч сан” ТББ-аас санаачлан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монгол Улсад суугаа БНЭУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Энэтхэгийн соёл, гар урлал” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж буй юм.
Үзэсгэлэнг нээж БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хэлсэн үгэндээ, “Хоёр орны найрсаг харилцаа олон салбарт өргөжин тэлж байна. Би дипломат харилцааг зөвхөн Засгийн газар байгуулдаггүй, үүнийг бэхжүүлэхэд иргэдийн харилцаа нэн чухал гэж итгэдэг. Эл үзэсгэлэн соёлын болон иргэд хоорондын харилцааг улам хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Соёл урлагт хэлний бэрхшээл гэж үгүй. Монголын ахан дүүс, найз нөхдөдөө улсынхаа соёлын бүтээл, гар урлалын нэгээхэн хэсгийг толилуулахаар хичээлээ” гэв.
Тус үзэсгэлэнд Дүрслэх урлагийн музейн гадаад урлагийн сан хөмрөгт 23 орны 2000 гаруй үзмэр, байдгаас XIX-XX зууны Энэтхэгийн гар урлал, түүх, урлаг, шашин, соёлыг илтгэсэн дахин давтагдашгүй ур хийц, дүр дүрслэлийг шингээсэн бүтээлүүд болох 200 орчим цуглуулгыг дэлгэжээ.
Мөн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хадгалж буй 14 ширхэг бүтээлийг мөн толилуулж байна.
Энэ талаар Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал, доктор П.Байгалмаа, “Үзэсгэлэнд дэлгэсэн цуглуулгыг 1969, 2003 онд олны хүртээл болж байсан БНЭУ-ын “Гар урлалын үзэсгэлэн”, “Энэрэхүйн зам” гэрэл зургийн үзэсгэлэнгээс худалдаж авсан юм. Эдгээрт гар урлал, гоёл чимэглэл, яс, төмөр, модон сийлбэрийн урлаг, гэрэл зургийн өвөрмөц сонирхолтой бүтээл багтаж байна. Энэтхэгчүүд гар урлалаараа дэлхийд алдартай. Түүнчлэн энэ удаагийн онцлох үзмэр нь мод, яс, төмрийн сийлбэрүүд” гэдгийг тодотгов.
Энэхүү тусгай үзэсгэлэнд яс, мод,төмрөөр хийсэн лааны суурь, хутга сэрээ, гоёл чимэглэл, амьтдыг дүрсэлсэн сийлбэрүүдээс гадна хинди шашны Вишнү /хамгаалагч/, Шива /шүүн дэнслэгч/ зэрэг шүтээний хүрэл цутгамал ч харагдана. Үүнээс гадна тус орны түүхэн дурсгалт газрууд болох “Лумбини дахь ашок багана”, “Наланда”, “Барабар агуй” гэх мэт газрын гэрэл зургийг тайлбарын хамт байршуулжээ. Тухайлбал, “Лумбини дахь Ашок” багана нь МЭӨ III зуунд хамаарах бөгөөд эзэн хаан Ашок Лумбинид зочилсон айлчлалын дурсгал аж.
Эл үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд гуравдугаар сарын 1-нийг дуустал олны хүртээл болно.