Сэлбэ, Баянхошуу, Шархад, Толгойт дэд төвд 12 бага сургууль барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 303 сургуульд 380 мянга гаруй сурагч суралцаж байна.
Нийт сургуулийн 76 хувь нь хотын төвд байрладаг бөгөөд тэдгээр сургуульд 294 мянган сурагч суралцаж байгаа юм. ЗХУТ-ийн дата мэдээлэлд тулгуурлан судлаачдын тооцоолсноор ЕБС-иудын ойр орчимд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Хичээлтэй үед өдөрт 241 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог бол амралтаар 132 мянга болж буурдаг ажээ.
Тухайлбал, нийслэлийн 31 дүгээр сургуулийн нийт суралцагчдын гурван хүүхэд тутмын нэг нь харьяаллын бүсийн сурагч байдаг бол үлдсэн 65 хувийг зөөвөрлөдөг аж. Тодруулбал, 500 гаруй хүүхэд 10 км, 1000 орчим хүүхэд 3-5 км зайнаас тухайн сургуульдаа ирдэг гэсэн судалгаа гарсан байна.
Тиймээс
бага сургуулиудын хотын төв рүү төвлөрч буйг сааруулахын тулд гэр хорооллын
бүсэд дэд төвүүд байгуулж, тухайн
орчимд нь сургуулиуд барихаар
төлөвлөжээ. Эхний ээлжид Шархад төвд дөрөв, Сэлбэд дөрөв, Баянхошуунд хоёр, Толгойтод хоёр, нийт 12 бага сургуулийг барих юм байна. Харин хоёрдугаар ээлжид 14
бага сургуулийг бусад хүртээмжгүй байгаа хэсэгт барина. Ингэснээр 26 сургуульд 21800 суралцагч сурах боломж бүрдэх аж.