БАЯН-ӨЛГИЙ: Эм ханган нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газрын санаачилгаар эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Е.Зангар нээн үг хэлж, эрүүл
мэндийн салбарт анхаарал хандуулж, хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний
чанар, хүртээмжийг сайжруулахын төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.
Зөвлөгөөнд сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нар, аймгийн Засаг
даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газрын
нийт ажилтан, Эрүүл мэндийн
даатгалын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төвийн удирдлагууд,
Нурлы, Жаншарапат, Нур-Алтай, Фатиха, Бейсшипа зэрэг хувийн эмнэлгийн
төлөөлөл, анхан шатны эрүүл мэндийн төвүүдийн дарга нар, шүдний эмнэлгүүдийн
төлөөлөл, эм ханган нийлүүлэх байгууллагуудын эрхлэгч нар оролцов.
Зөвлөгөөнөөр салбарын өнөөгийн байдал, тулгамдсан
асуудлууд, бодлогын хэрэгжилт, анхан болон хоёрдогч шатлалын эрүүл мэндийн
тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах талаар хэлэлцэж,
байгууллагууд туршлага солилцлоо.
Оролцогчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эм ханган нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, технологийн шинэчлэл хийх, боловсон хүчнийг чадавхжуулах зэрэг асуудлын талаар илтгэл тавьж, санал солилцсон байна.
Аймгийн Эрүүл мэндийн газраас энэ онд:
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах,
- Эрүүл мэндийн салбарын албан хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх
арга хэмжээ авах,
- ӨЭМТ-үүдийн салбар байгуулах, иргэдэд эрүүл мэндийн тусламж
үйлчилгээг ойртуулах,
- Зарим ӨЭМТ-ийг суурин ЭХО-оор хангах,
- Сум, тосгоны ЭМТ-ийн бүтэц, орон тоог хэрэгцээнд суурилж
шинэчлэн батлах,
- Нэгдсэн эмнэлэг болон
ЭМАШБ-ын уялдаа холбоог сайжруулах, хариуцлагын механизмыг нэмэгдүүлэх,
- Нэгдсэн эмнэлгийн ТУЗ-ийг байгуулж, хууль журмыг хэрэгжүүлэх,
- Эрүүл мэндийн салбарын хүнд суртлыг арилгах арга хэмжээг шат
дараалан авах,
- Эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох ажлыг хурдан
шуурхай зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм.